Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрэгтэй хүүхдийг цэнхэр, эмэгтэй хүүхдийг ягаан өлгийнд өлгийддөг нь эргээд залуусын хандлагад нөлөөлж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын эвслийн 100 жилийн ойн хүрээнд болсон “Монгол Улсын хүүхдийн эрхийн чухал сэдвүүд-2019” оюутны эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр шилдэг 11 илтгэлээ танилцууллаа.

Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулсан тус хуралд нийслэл, орон нутгийн 10 гаруй их сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд оролцсон юм.

Оюутнууд өнөөдрийн нийгэмд буй хүүхдийн эрхийн нөхцөл байдлаас бидний олж хараагүй гарц гаргалгааг гаргасан

Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон хэлэхдээ “Хүүхдийн эрхийг хамгаалах нь зөвхөн хүүхэдтэй ажилладаг хүмүүсийн ажил үүрэг биш. Тиймээс Хүүхдийг ивээх сан 100 жилийн ойн хүрээнд “Хүүхдийн эрх салбар бүрийн асуудал болох нь: “Монгол улсын хүүхдийн эрхийн чухал сэдвүүд-2019” оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан.

Илтгэлийн материалыг Хүүхдийг Ивээх Сангийн мэргэжилтнүүд, салбар чиглэлийн эрдэмтэд, судлаачдаас бүрдсэн комисс сонгон шалгаруулснаас гадна сайжруулах зөвлөмж, хугацаа өгч оюутныг чадавхжуулан ажилласнаараа онцлогтой.

Ирээдүйн судлаачид, хүний эрхийн хамгаалагч болох оюутнууд өнөөдрийн нийгэмд буй хүүхдийн эрхийн нөхцөл байдлаас бидний олж хараагүй гарц гаргалгааг гаргасан байх боломжтой. Тиймээс салбар бүрийн оюутнуудыг хамруулсан” гэлээ.

Эхний шатанд нийт 29 оюутан шалгараад байсан бол дараагийн шатанд ийнхүү 11 шилдэг илтгэлүүдийг тодруулаад байгаа юм.

Шилдэг илтгэлүүдийг дурдвал:

  1. Эцэг, эхийн хүүхдийг үл хайхрах байдлыг зогсоох шинэлэг арга зам,
  2. Тоглоомын талбай ба хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх,
  3. Хүүхдийн жендерийн нийгэмшилд сурах бичгийн агуулга дахь зурагт үзүүлэнд холбогдох нь,
  4. Гэрлэлт цуцлалтын маргааныг хянан шийдвэрлэхэд хүүхдийн эрхийг хамгаалах нь,
  5. Гэмт хэргийн улмаас хүүхдэд учирсан эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлөх асуудал,
  6. Хүүхдийн хөлийн хэлбэрийг тодорхойлох судалгаа,
  7. Сурагчдын ёс зүйн боловсролыг дээшлүүлэх зарим арга зам,
  8. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн нийгэмшилд үл хайхрах  байдалд нөлөөлөх нь,
  9. Төвлөрлийг сааруулах бодлого ба сумыг хөгжүүлэх цогц схем,
  10. Жендерийн мэдрэмжтэй байдлыг тусгасан сурах бичиг боловсруулах тухай асуудлууд,
  11. Хот дахин төлөвлөлтийн хохирогч болсон гэр бүл дэх хүүхдүүдийн өөрийн үнэлэмж болон түгшүүрийг судалсан нь гэсэн асуудлуудыг оюутнууд хөнджээ.

Хүүхдийн тэтгэлгээ хугацаандаа төлдөггүй эцэг, эхчүүдэд хүлээлгэх хариуцлага маш сул байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн III курсийн оюутан Б.Отгон “Би гэрлэлт цуцлалтын маргааныг хянан шийдвэрлэхэд хүүхдийн эрхийг хамгаалах нь сэдвийн дор судалгааны ажлаа бичсэн.

Өнөөдөр гэрлэлт цуцлалтын тоо жил ирэх тусам нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд гэрлэлт гэдэг бол гэрлэх насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүүсийн сайн дурын болоод тэгш эрхийн үндсэн дээр үүсэх харилцаа гэж заасан байдаг.

Гэвч гэрлэлт цуцлалт нь өөрөө дан ганц эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын асуудал биш бөгөөд түүний цаана хүүхдийн эрх зөрчигдөж байдаг.

Тухайлбал, Хүүхдийн тэжээн тэтгүүлэхтэй холбоотой эрх, өмчлөх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхүүд маш ихээр зөрчигддөг. Мөн хүүхдийн тэтгэмжийн хэмжээг тэтгэлэг төлөгч хугацаандаа төлөхгүй байх асуудал маш их гарч байгаагаас гадна хүүхдийн тэтгэлэгийн хувь хэмжээ нь өөрөө хүүхдийн хэрэглээнд хүрэлцэхгүй байна. Тиймээс тэтгэлэг төлөгчийн бодит орлогоос тооцож хүүхдийн тэтгэлэгийг олгодог болох эрх зүйн зохицуулалт шаардлагатай.

Түүнчлэн тэтгэлгээ хугацаандаа төлдөггүй эцэг, эхчүүдэд хүлээлгэх хариуцлагын асуудал манай улсад маш сул байна. Өнөөдөр тэтгэлэгээ хугацаандаа төлөөгүй тэтгэлэг төлөгчид зөвхөн Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгийн л торгууль ногдуулдаг” гэсэн юм.

Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд тоглоомын талбайд тоглосныхоо төлөө эрсдэх ёсгүй

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн III курсийн оюутан М.Маралмаа “Би энэхүү эрдэм шинжилгээний хуралд хүүхдийн тоглоомын талбай ба хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах сэдвээр илтгэл бэлдсэн. Бидний эргэн тойронд бага насны хүүхэд тоглоомын талбайд тоглож байхдаа эрүүл мэндээрээ хохирсон маш олон тохиолдол гардаг.

Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд тоглоомын талбайд тоглосныхоо төлөө эрүүл мэндээрээ эрсдэх ёсгүй.

Судалгааныхаа явцад би тоглоомын талбайн барилгын норм, дүрмийг Засгийн газар батлах шаардлагатайг олж харсан. Одоо баримталдаг шаардлага нь холбогдох байгууллагаас батлаагүй зөвхөн зөвлөмжийн шинж чанартайгаар хэрэгжиж буй нь учир дутагдалтай.

Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахуйц тоглоомын талбай баригдах эрх зүйн орчин нь бүрдээгүй байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд энэ талаарх эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй гэж бодож байна” гэв.

Бидний ухамсарт багаас суучихсан асуудлууд эргээд бидний үеийн залуусын хандлагад нөлөөлж байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

МУИС-ийн ШУС-ийн  Багш нийгмийн ухааны боловсролын IV курсийн оюутан Г.Өлзийт “Хүүхдийн далд ухамсар гэдэг зүйл бол насанд хүрсэн хүмүүсээс ч илүү байдаг. Хүүхдийн далд ухамсрыг бид олж харах хэцүү ч түүнд бид нөлөөлж чадна.

Бид нүдэнд харагдаж байгаа бүх зүйлд хэмжүүр тавьж өгөх хэрэгтэй.

Тэр тусмаа 1-2 дугаар ангидаа хүүхэд жендерийн хандлага нь тогтворжиж байдаг үе. Бидний нэг анзаардаггүй жендерийн асуудал нь эрэгтэй хүүхдийг цэнхэр, эмэгтэй хүүхдийг ягаан өлгийнд өлгийддөг. Энэ бидний ухамсарт багаас суучихсан асуудлууд эргээд бидний үеийн залуусын хандлагад нөлөөлж байна. 

Энэ бол өнөөдрийн залуус ягаан өнгөтэй цамц өмссөн эрэгтэй хүүхдийг гей гэж шоолох үндэс нь болж байна.

Үүнийг сурах бичгээр нь дамжуулж жендерийн тогтсон хандлагыг үзүүлж буй зургуудыг шүүлтүүртэй болгох хэрэгтэй. Ингэснээр бид жендерийн тэгш байдалд бага ч гэсэн нөлөөлж чадна” гэлээ.

 
Гэрэл зургийг Mpa.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.