Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Обама сангийн манлайллын хөтөлбөрт дөрвөн монгол залуу хамрагдлаа

Б.Ану
2019 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Арванхоёрдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотноо Обама сангийн Ази, номхон далайн манлайлагчдын цугларалт болж өнгөрлөө.

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн санаачлан, үүсгэн байгуулсан Обама сан нь 2014 онд байгуулагдсан бөгөөд орон орны шинэ үеийн удирдагч залуусын холбоог үүсгэх, тэднийг хөгжүүлэх, удирдагч болгон бэлтгэх манлайллын хөтөлбөрүүд, охидын эрх, боловсрол зэрэг асуудлуудад анхааран ажилладаг.

Энэ удаад анх удаа Ази, номхон далайн залууст зориулсан манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд нэг жилийн турш үргэлжлэх хөтөлбөрийн нээлт болгон Ази тивийн 33 орны 200 залуусыг шалгаруулан, 5 өдрийн турш чууллаа.

Долоон мянга гаруй хүсэлт ирүүлснээс 200 залуусыг сонгон шалгаруулахдаа өмнө нь санаачилж, хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөр, нийгмийн идэвх, шинэ санаачилга, цаашид хийж бүтээх эрмэлзлийг нь харгалзжээ.

 

Энэхүү 5 өдрийн хурдасгасан хөтөлбөр нь нэр хүндтэй зочдыг оролцуулсан лекц яриа, оролцогчдод зориулан тусгайлан бэлтгэсэн төлөв манлайлал, харилцах чадвар, бусдыг ойлгох чадвар зэрэг хувь хүний хөгжлийн сургалтууд, оролцогчдыг өөр хооронд нь танилцуулах арга хэмжээнүүд, нийгмийн бичил төсөл зэргээс бүрдсэн байна.

Хүндэт илтгэгчээр Барак Обама, түүний гэргий Мишель Обама болон Холливудын нэрт жүжигчин Жулиа Робертс нар уригдан ирж төлөв манлайлал, бусдыг энэрэх сэтгэлгээ, хүчээ зөв хуваарилах, зарчим, үнэт зүйлийн тухай онцлон ярив.

 

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан С.Оюун өдгөө Солонгосын Инчеон хотноо төвтэй Дэлхийн Уур амьсгалын ногоон сангийн хамтын ажиллагаа, түншлэл хариуцсан захирлаар ажиллаж буй бөгөөд энэ удаагийн үйл ажиллагааны эхний хэлэлцүүлэгт зочноор оролцож уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улс орнуудын Засгийн газруудыг татан оролцуулж, ажиллаж байгаа туршлагынхаа тухай хуваалцлаа. Тэрээр хэлсэн үгэндээ “Монголчууд бидний нүүдлийн өв соёл биднийг эх дэлхийдээ ээлтэй амьдрах, хэтийдсэн хэрэглээнээс татгалзах том ухаан гэж боддог” хэмээн онцолсон юм.

 

Монгол Улсаас уг хөтөлбөрт 4 төлөөлөл сонгогджээ

 

Д.Энхцэцэг нь (Баруун гар талаас хоёр дахь эмэгтэй) Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөр хариуцсан менежер бөгөөд бодолго боловсруулалт дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байна.

Д.Мөнхбат нь (Зүүн гар талаас эхний эрэгтэй) Даян Дэлхийн Ногоон хөгжлийн байгууллагад ажилладаг ба ногоон, тогтвортой хөгжилд манлайлах орон зайг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй.

Б.Мөнгөнхишиг нь (Баруун гар талаас эхний эрэгтэй) НҮБ-ын Хүүхдийн санд мэдлэгийн менемжент хариуцан ажилладаг.  Хэнийг ч орхигдуулахгүй хөгжилд итгэдэг тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн, тэр дундаа агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой ажилладаг.

Б.Булганчимэг нь (Зүүн гар талаас хоёр дахь эмэгтэй) НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт мэдээлэл, харилцааны мэргэжилтнээр ажилладаг. Залуусыг чадавхжуулж, мэдлэгжүүлж, тэдэнд боломж олгосноор илүү оролцоотой нийгмийг бүтээх боломжтой гэж тэр үздэг. Уг хөтөлбөрт хамрагдсан туршлага, олж авсан хувь хөгжлийн чадвар болоод олж авсан цар хүрээгээ цаашид тэлж, өөр өөрсдийн хийж буй ажлын үр дүнгээ нэмэгдүүлнэ гэдгээ тэд хэлж байв.

Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.