Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд 5,700 жилийн настай “бохь”-ноос зажилж байсан хүнийх нь мэдээллийг сэргээжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Данийн эрдэмтэд чулуун зэвсгийн үеийн хус модны давирхайнаас түүнийг бохь болгон зажилж байсан хүний мэдээллийг генетикийн аргаар сэргээж чадсанаа өчигдөр зарлажээ.

Уг “бохь”-нд 5,700 орчим жилийн өмнө амьдарч байсан хүнийг тодорхойлоход хангалттай генетикийн материал хадгалагдаж байсан гэнэ.

Судалгааны үр дүнд давирхайг зажилж байсан хүн нь Европын эх газраас Скандинавын хойгийн төв хэсэгт нүүдэллэн амьдарч байсан хүмүүсийн нэг байсныг тогтоожээ.

Эрдэмтдийн Лола гэж нэрлэсэн охин цэнхэр нүд, бараан өнгийн үс, бараан арьстай байсан гэж дүгнэсэн байна. Тэрээр “бохь” зажлахаасаа өмнө хамгийн сүүлд ойн самар, зэрлэг нугасны мах идсэн байжээ. Харин сүүний төрлийн хүнс огт хэрэглээгүй байна.

Давирхайг Данийн өмнөд хэсгийн Силтхольмд хийсэн археологийн малтлагаар илрүүлж байжээ. Энэ газар нь намаг шавар ихтэй тул эртний олдворууд маш сайн хадгалагдаж үлдсэн байдаг гэнэ.

“Бид анх удаа хүний яснаас өөр зүйлээс эртний хүний генетикийн мэдээллийг тайлан уншиж чадлаа” гэж судалгаанд оролцсон Копенгагены их сургуулийн профессор Ханна Шройдер мэдэгджээ.

Тэдний судалгааны тайлан өчигдөр "Nature Communications" сэтгүүлд нийтлэгдсэн юм.

 

Эх сурвалж: AFP