Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэс Тавантолгой" Хонг Конгийн хөрөнгийн биржээс $1 тэрбумыг босгох төлөвлөгөөтэй

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрдэнэс Тавантолгой компанийн IPO хийхэд Америкийн “MERRILL LYNCH”, “CREDIT SUISSE”, Японы “NOMURA” банкуудыг сонгосон талаар өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлсэн. 

Тус компанийн хувьцааг Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр ирэх оны эхний хагас жилд багтаан гаргаж, нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө босгохоор төлөвлөсөн талаар Bloomberg телевиз мэдээлжээ. 

Д.Сумъяабазар сайдын хэлснээр бэлтгэл ажил өндөр түвшинд явагдаж байгаа бөгөөд санхүүгийн, хуулийн, техникийн, маркетингийн зөвлөх гээд бүх зөвлөхөө сонгоод, гэрээ байгуулаад ажилдаа орсон аж. 

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны 30 хувийг олон улсын зах зээлд гаргаж, нийт 4.7 тэрбум ам.доллар босгох замаар төслөө хөдөлгөх боломжтой бөгөөд энэ мөнгөөрөө авто зам, төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, нүүрс химийн үйлдвэр барих бүрэн боломжтой хэмээн Засгийн газар тооцсон. Улмаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тогтоолын төслийг 2019 оны зургаадугаар сарын 29-ний УИХ-ын чуулганаар дэмжсэнээр компанийн 30%-ийг олон улсын хөрөнгийн биржид гаргах боломж бүрдсэн билээ. IPO хийх бэлтгэл ажлыг 180 хоногийн дотор буюу 2019 онд багтаан хангаж дуусгах байсан ч хугацаа ийнхүү хойшилж, хөрөнгө босгох хэмжээ нэг тэрбум орчим доллар хэмээн тооцож байгаа аж. 

IPO хийх "Эрдэнэс Тавантолгой Майнинг" компанийн зүгээс мэдээлэл өгөхгүй байгаа бөгөөд "IPO-той холбогдуулаад хэлэхэд бүх ажил гэрээний дагуу, биржийн шалгуурыг хангаад явж байгаа учраас биржийн дүрэм журмыг зөрчсөн, хальсан асуудлыг ярих нь тохиромжгүй. Энэ нь анхааруулах шар гэрэл асахад хүргэнэ. Тиймээс санхүүгийн зөвлөхтэйгөө ярилцаад мэдээлэл өгөөд явна. Түүнээс биш нууж, хаагаагүй гэдгийг хэлмээр байна" хэмээн Д.Сумъяабазар сайд тайлбарласан юм.