Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Тавантолгойн хувьцааны ногдол ашгийг хэдийд хуваарилах вэ гэдэг нь тактикийн асуудал"

Г.Номин, iKon.mn
2019 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал өнөөдөр болов.

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас ЭТТ-н IPO хийх бэлтгэл ажлын явц, хувьцааны ногдол ашиг тараах боломжтой эсэхийг тодрууллаа.

- ЭТТ компанийн IPO хийх бэлтгэл ажлын явцаас танилцуулаач. Гаднын гурван банк болон нэг хуулийн фирмтэй хамтран ажиллахаар сонгоод байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ тухай мэдээлэл өгөхгүй юу?

- Анхны юм гэдэг тэр болгон санаснаар яваад байдаггүй юм байна. Бид бэлтгэл ажлыг нэлээд өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа. Санхүүгийн, хуулийн, техникийн, маркетингийн зөвлөх гээд бүх зөвлөхөө сонгочихсон. Бүгд гэрээгээ байгуулаад, үйл ажиллагаандаа орчихсон, хугацаатай үүрэг даалгавар аваад ажиллаж байна.

Сонгосон гурван банк буюу гол чирэгч болон толгойлж орох Америкийн “MERRILL LYNCH”, “CREDIT SUISSE”, Японы “NOMURA” банкуудын үйл ажиллагаа идэвхжээд явж байгаа.

IPO-той холбогдуулаад хэлэхэд бүх ажил гэрээний дагуу, биржийн шалгуурыг хангаад явж байгаа учраас биржийн дүрэм журмыг зөрчсөн, хальсан асуудлыг ярих нь тохиромжгүй. Энэ нь анхааруулах шар гэрэл асахад хүргэнэ. Тиймээс санхүүгийн зөвлөхтэйгөө ярилцаад мэдээлэл өгөөд явна. Түүнээс биш нууж, хаагаагүй гэдгийг хэлмээр байна.

Анх удаагийн IPO хийж байгаа туршлага дээрээ үндэслээд бид дараа нь "Эрдэнэт үйлдвэр", "Монросцветмет"-ийг ч юм уу хөрөнгийн бирж дээр гаргах ёстой.

- Ногдол ашиг тараах тухайд?

- Өнөөдөр 26,000 төгрөг өгөх үү, эсвэл тодорхой хугацааны дараа төмөр замаа тавиад, баяжуулах, коксжуулах үйлдвэрээ барьчихаад, нэмүү өртөг шингээгч болчихсон олон улсад цар хүрээгээ таниулж, үнэлгээгээ тогтоочихоод ногдол ашиг хуваарилах уу гэдэг дээр Засгийн газрын бодлого явж байгаа.

Улс төр хийж байгаа хүмүүсийг ойлгож байна. Хувьцааны үнэ цэнийг өсгөх, компанийн үнэлгээг тогтоох ажлыг хийж байгаа энэ үед буруу юмаар битгий улс төр хийгээрэй.

Ногдол ашгийг хуваарилах эсэхийг ЭТТ компанийн ТУЗ дээр шийдчихсэн. Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй мэргэжлийн байгууллага, компани өөрсдөө шийдээд явж байгаа.

Ногдол ашгийг хэдийд хуваарилах вэ гэдэг нь тактикийн асуудал. Дээрээс нь үнэ цэнтэйгээ уялдуулах ёстой хэмээн салбарын сайдын хувьд үзэж байна.