Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Боингийн хямрал гүнзгийрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч Боинг компани өөрийн хамгийн их гүйлгээтэй бүтээгдэхүүн болох 737 Max загварынхаа үйлдвэрлэлийг нэгдүгээр сараас эхлэн түр зогсоож байгааг өчигдөр зарласан юм.

Ингэснээр тус компани сүүлийн 20 гаруй жилийн түүхэндээ анх удаа хамгийн том үйлдвэрлэлийн шугамаа зогсоож байна.

737 Max загварын хоёр онгоц Индонез, Этиопт таван сарын зайтай дараалан осолдож, нийт 346 хүний амь үрэгдсэнтэй холбогдуулан дэлхий даяар ийм загварын нисэх онгоцнуудын ашиглалтыг 2019 оны гуравдугаар сараас эхлэн зогсоосон юм.

Уг онгоцны техникийн алдааг Боинг компани засварлаж дууссан гэж мэдэгдэж байгаа ч дахин нисгэх зөвшөөрлийг 2020 оноос наана өгөхгүй гэсэн шийдвэрийг АНУ-ын Холбооны Нислэгийн Захиргаа (FAA) өнгөрсөн долоо хоногт гаргасан байна.

Энэхүү шийдвэртэй холбоотойгоор 737 Max загварын үйлдвэрлэлийг зогсоожээ. Вашингтон мужийн Сиэтл хотод оршдог үйлдвэрээ зогсоосон ч 12,000 орчим ажилчдаа цомхотгохгүй гэж Боинг амласан байна.

Гэхдээ Боинг нь Америкийн аж үйлдвэрийн хамгийн том экспортлогч тул улс орныхоо эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой.

Одоогоор Боинг компанийн агуулахад 737 Max загварын 400 шинэ онгоц хадгалагдаж байгаа юм.

Хэрвээ FAA зөвшөөрөл өгвөл тэдгээрийг зах зээлд борлуулж эхлэх ажээ.

Боингийн шийдвэрийг зарласны дараа Даваа гарагт тус компанийн хувьцааны үнэ ханш 4 хувиар унажээ. Үүнийг дагаад Боингийн гол бэлтгэн нийлүүлэгч компаниудын хувьцаа ч унаж эхэлсэн байна.

Тухайлбал тус компанийн хамгийн том нийлүүлэгч Spirit AeroSystems Holdings Inc компанийн хувьцааны ханш 2 хувиар унасан юм.

737 Max загвартай холбоотой хямрал эхэлснээс хойш Боинг компани нийт $9 тэрбумын алдагдал хүлээгээд байна.

 

Эх сурвалж: Reuters

 

Зураг
13 | 18 | 18 цаг