Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабве улсын дэд ерөнхийлөгчийн гэргий нөхрийнхөө амийг хөнөөхийг завдсан хэргээр шүүгдэж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Зимбабве улсын нийслэл Хараре хотод болсон шүүх хурлаас тус улсын дэд ерөнхийлөгчийн гэргийг нөхрийнхөө амийг хөнөөхийг завдсан хэрэгт буруутгажээ.

Дэд ерөнхийлөгч Константин Чивенгагийн гэргий, загвар өмсөгч асан Мэрри Чивенгаг өчигдөр бас мөнгө угааж, луйвар хийсэн хэрэгт буруутгасан байна.

2017 онд Зимбабвегийн дарангуйлагч Роберто Мугабег төрийн эрхээс зайлуулсны дараа Чивенга дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших болжээ. Тэрээр дэд ерөнхийлөгч болохоосоо өмнө загвар өмсөгч бүсгүйтэй дотно харилцаатай байснаа сүүлд гэрлэсэн юм.

Гэвч дэд ерөнхийлөгч хүнд өвчин тусаж, хосуудын амьдралд зөрчил үүссэн байна. Өнгөрсөн долдугаар сард Константин Чевангаг биеэ эмчлүүлэхээр Өмнөд Африкт ирээд байхад гэргий нь хоёр ч удаа нөхрийнхөө эмчилгээг тасалдуулж, амийг нь хөнөөх оролдлого хийсэн тухай шүүхийн бичиг баримтад өгүүлжээ.

Нэг удаа тэр нөхрийнхөө биеийг муудаад байхад эмнэлэгт хүргэлгүй зориуд удаасан бол хоёр дахь удаагаа эмнэлгийн орон дээр байхад нь хорлох гэж оролдсон байна. Ингэхдээ тэр бие хамгаалагчийг нь тасгаас гаргаж, хоёулхнаа үлдээд байхдаа нөхрийнхөө дуслыг салгаж, эмнэлгээс авч явахыг завджээ.

Бие хамгаалагч нь уг үйлдлийг таслан зогсоосноор Чеванга аврагдаж байсан гэнэ.

Сүүлд дэд ерөнхийлөгч Хятадад дөрвөн сарын турш эмчлүүлсэн бөгөөд арваннэгдүгээр сард Зимбабвед буцаж ирээд гэргийгээ шүүхэд өгчээ.

Үүнээс гадна Мэрри Чеванга $1 саяыг хөрш Өмнөд Африкаас бараа худалдаж авахад зарцуулсан болгож, хуурамч баримт бүрдүүлсэн хэрэгт буруутгагджээ.

Зимбабве улсыг Роберт Мугабегийн 30 гаруй жил үргэлжилсэн дарангуйллаас 2017 онд салгасан ерөнхийлөгч Эммерсон Мнангагва улс орноо авлигаас салгах амлалт өгч байсан ч одоогоор үр дүн муутай байна.

Сөрөг хүчнийхэн түүнийг авлигын эсрэг тэмцлээ өрсөлдөгчдөө дарах зэвсэг болгон ашиглаж байна хэмээн шүүмжилдэг.

 

Эх сурвалж: Associated Press