Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Австралиас суралцахуй"

ikon.mn
2019 оны 12 сарын 17
iKon.MN
 

Австрали улсын ууган их сургууль болох Сиднейн Их Сургуульд суралцдаг Монгол оюутнуудын үүсгэн байгуулсан “Сиднейн Их Сургуулийн Монгол Нийгэмлэг” санаачлагаар “Австралиас суралцахуй” нэртэй чуулга уулзалт 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус сургууль дээр амжилттай зохион байгууллагдлаа.

Тус чуулга уулзалтаар Австрали улсад суралцаж, ажиллаж амьдарч буй оюутнууд,  мэргэжилтнүүд тус орноос олж авсан мэдлэг, туршлагаа солилцож, Монголд хэрэгжүүлж болох санаануудын талаар харилцан ярилцах боломжийг олгосноороо онцлогтой боллоо. 

Чуулга уулзалтад Австралийн томоохон, нэр хүндтэй их сургуулиудад магистр, докторын зэрэг горилон амжилттай суралцаж буй Монгол залуучууд илтгэл тавьсан бөгөөд зөвхөн Сидней төдийгүй Перт, Аделаид, Канберра зэрэг хотуудаас зорин ирж оролцсон нь бахархууштай үйл явдал боллоо.

Мөн чуулга уулзалтад оролцохоор Австрали улсад сурч, ажиллаж байгаа 140 гаруй залуус хүрэлцэн ирсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеээр асуулт асуун идэвхитэй оролцож, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа. Чуулга уулзалтын дараа оролцогчдоос авсан санал асуулгаас харахад тэдний сэтгэл ханамж маш өндөр байсан бөгөөд дараа дараагийн жилүүдэд уламжлал болгон зохион байгуулах талаар санал хүсэлтээ илэрхийлж байсан юм.

Миний бие энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулах үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээ өөрийн суралцаж буй чиглэлийн дагуу “Дижитал шилжилтийн боломжоос хүртэхүй” нэртэй илтгэлээр оролцлоо. Уг илтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорхи линкнээс татаж аван үзэх боломжтойг дуулгахад таатай байна.

 

Чуулга уулзалтын үеээр хэлэлцүүлэгдсэн бусад илтгэлийн хувьд: 

  • “Гарааны бизнесээс сошиал энтерпрайз руу” Д.Номин, Сиднейн Их Сургууль
  • “Мэргэжил сонголтонд ‘The Access Platform’-ийг хэрэглэх нь” А.Гэрэлмаа, Канберрагийн Их Сургууль
  • “Авсрали улсын жишиг бүхий Хаягийн мэдээллийн нэгдсэн систем Монгол улсад байгуулах нь” Б.Галмандах, Куртины Их Сургууль
  • “Монголын үндэстний үзэл ба үндэстний мөн чанар” Б.Зандан, Сиднейн Их Сургууль
  • “Ажлын байрны уян хатан нөхцлийг Монгол улсад нэвтрүүлэх санаанууд” Д.Балжинням, Fuji Xerox Australia
  • “Чанартай, хүртээмжтэй, тогтвортой бүрэн дунд боловсрол бол улсын хөгжлийн үндэс” Б.Харашаш, Флиндэрс Их Сургууль 
  • “Хөхүүл ханиадын эсрэг вакциныг эхийн хэвлийд байх үеэс нь эхлэх Австрали улсын жишиг” Б.Хулан, Шинэ Өмнөд Уэльсийн Их Сургууль 
  • “Хүнд металлаар бохирдсон хѳрсийг электрокинетик хѳрс нѳхѳн сэргээх аргаар цэвэршүүлэх” Г.Намуун, Сиднейн Технологийн Их Сургууль 
  • “Дижитал шилжилтийн боломжоос хүртэхүй” З.Гантогоо, Сиднейн Их Сургууль
 

Уг чуулга уулзалтад биеэр хүрэлцэн ирж оролцох боломжгүй хүмүүсд зориулан чуулга уулзалтын товхимлыг бэлтгэсэн тул дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. 

 

Нийтлэлч З.Гантогоо