Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Зэсийн үнэ 6,000 ам.доллар давж өсөв

Г.Төгс
2019 оны 12 сарын 11
www.mongolianminingjournal.com
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Даваа гарагийн байдлаар, Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ 6,012 ам.доллар/тонн (гурван сарын гэрээт үнэ) хүрчээ. Энэ нь өнгөрсөн долдугаар сарын 25-наас хойших хамгийн өндөр дүн болж байна. Зэсийн үнэ тус бирж дээр арванхоёрдугаар сарын эхээр 5,877 ам.доллар/тонн байсан юм.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн зэсийн үнэ өсч эхэлсэн нь АНУ-ын эдийн засгийн эерэг мэдээ болон АНУ-Хятадын худалдааны яриа хэлэлцээр харьцангуй урагштай байгаатай холбоотой. Мөн Хятадын зэсийн импортын өсөлтийн тухай мэдээ цацагдсан нь зэсийн ханшийн өсөлтийг нөхцөлдүүлж байна.

Тодруулбал, Хятадын цэвэр зэсийн импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 483 мянган тоннд хүрсэн (өмнөх оны мөн үеийнхээс 6 орчим хувиар өссөн) нь өнгөрсөн оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр хэмжээ юм.

Оны эхний 11 сарын байдлаар тус улс 4.45 сая тонн зэс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.5%-иар бууралттай байна. Гэхдээ зэсийн баяжмалын импорт багагүй өсчээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард зэсийн баяжмалын импорт 2.16 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 27%-иар ахиу дүн юм.

Тэгвэл оны эхний 11 сарын байдлаар зэсийн баяжмалын нийт импортын хэмжээ нь 20.1 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 10%-аар нэмэгдсэн дүнтэй байна. Шинжээчид Хятад улсын зэсийн баяжмалын импорт дээд амжилт тогтоогоод байгааг онцоллоо.

Зураг