Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Хориг хүлээж авснаар төсвийг задлахгүй байх хувилбарыг Их хурал тооцоолсон байх

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын 2020 оны улсын төсөвв Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчлэн хориг тавиад буй. Харин УИХ дахь МАН-ын бүлэг болон Төсвийн байнгын хорооноос уг хоригийн нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд тавьсан хэсгийг хүлээж авсан бол улсын төсөвт болон ирэх онд хийгдэх хөрөнгө оруулалтын санхүүжилтэд тавигдсан хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа. 

-НДШ-ийн хоёр хувийн нэмэгдэлд тавьсан хоригоос бусдыг нь хүлээж авахгүй гэсэн шийдвэрийг байнгын хорооноос гаргалаа. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ? 

-Би хувьдаа Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авахгүй гэдэг байр суурьтай байсан. Улсын төсөвт тавигдсан хориг, түүний дотор хөрөнгө оруулалтууд дээр тавьсан хоригийг хүлээж авахгүй гэж бүлэг, байнгын хорооноос үзлээ. Монгол Улсад шинэ сургууль, дэд бүтэц, замын асуудал хэрэгтэй. Хил боомтын дэд бүтцийг хангах ажил хийгдэх ёстой. Тэгж байж газрын баялаг хилээр хулгайгүй гардаг, татвараа бодитоор авдаг боломж бүрдэнэ. Үүнийг зогсоох ёсгүй. Тиймээс Төсийн байнгын хорооны гишүүд улсын төсөвт тавигдсан хоригийг хүлээж авахгүй гэдэг шийдвэр гаргаж байна. 

Гэхдээ байнгын хорооноос нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл дээр тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргалаа. Энэ дээр би өмнө нь хэлж байсан байр сууриа давтаж хэлмээр байна. НДШ-ийг нэмэх тухай асуудал 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд шийдэгдсэн асуудал. Өөрөөр хэлбэл, Ч.Хүрэлбаатар гэдэг хүнийг Сангийн сайдаар томилогдохоос өмнө шийдэгдсэн. 

ОУВС-гийн хөтөлбөрт орсон улс орнуудад зээл олгодог. Ингэхийн тулд Монгол Улсын төсөвт тодорхой үзүүлэлтүүд хангагдсан байх ёстой гэдэг шаардлага тавьсан. Нийгмийн даатгалын сан нь нэгдсэн төсөв дотроо бүрэлдэхүүн хэсэг болж ордог. Үүний алдагдал өндөр байсан учраас алдагдлыг бууруул гэдэг шаардлага тавьж, үүний дагуу НДШ-ийн хувь хэмжээг нэмэх болсон.

Яг өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сан 605 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Үүнийг бууруулах амлалтыг ОУВС-д өгсөн юм. 
Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдэл дээр тавигдсан хоригыг ОУВС-гийн хөтөлбөрт тавигдсан хориг гэж үзэж байна. 

-Үүнээс үүдэн ямар эрсдэл гарах вэ. ОУВС-тай зөвшилцөх боломж бий юу?

-Зөвшилцөх хэцүү дээ. Хориг хүлээж авсан хүмүүс нь мэдэх байх. 

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчихвал 2020 оны төсвийг задална гэсэн үг үү?

-Төсвийг задлахгүй байх хувилбарыг Их хурал тооцоолсон байх гэж бодож байна. 

-НДШ-ийн нэмэгдлээс төсөвт төвлөрөх 174 тэрбум төгрөгийг хаанаас бий болгох уу?

-Үүнийг хориг хүлээж авсан Их хурлаас асуух нь зүйтэй байх. 

-Хэрэв бид ОУВС-д өгсөн амлалтаасаа буцвал манайд өгсөн хөнгөлөлттэй зээл нь арилжааны зээл рүү шилжинэ гэсэн асуудал яригдаад байгаа? 

-Тийм зүйл байхгүй. Анхнаасаа өгөгдсөн зээл өөрчлөгдөхгүй. 

Хоёрдугаарт, хэний Засгийн газрын үед зээл авсан, өгсөн бэ гэдгийг хилийн цаад талд ач холбогдол өгдөггүй. Монгол Улсын Засгийн газар гэж л үздэг.