Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын галт уулын дэлбэрэлтэд амиа алдсан хүмүүсийн тоо 13 хүрэх нь тодорхой боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеландын хойд арлын зүүн хойд талд оршдог Уайт арлын галт уул өчигдөр үдээс хойш гэнэт дэлбэрснээс олон хүний амь үрэгдээд байна.

Галт уулыг дэлбэрэх үед арал дээр 47 жуулчин байжээ. Тэднээс тав нь амь үрэгдсэнийг баталсан бол найман хүн сураггүй болоод байна.

Бусдыг нь арлаас нүүлгэн шилжүүлж амжжээ. Аврагдсан хүмүүсийн зарим нь гүн түлэгдэлтэй, биеийн байдал хүнд байна.

Амиа алдсан хүмүүсийн нэг нь Малайзын жуулчин болохыг тогтоожээ. Сураггүй бологсдын дотор Шинэ Зеланд, Австрали, АНУ, Британийн иргэд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар арлын хөрс бүхэлдээ үнс нурманд булагдаж “сарны гадарга” мэт болоод байгааг аврагчид мэдээлжээ. Тиймээс амьд хүн үлдэх магадлал байхгүй болсон гэж үзэж байна.

Аврах албаны нисэх онгоцнууд арлын дээгүүр эргэлдэн шалгаж байгаа ч “арлын хаана ч амьд хүн байгаа гэх шинж илрээгүй” тухай Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгджээ.

Галт уул дэлбэрэх үеэр үнс нурам 3.6 км өндөрт цацагдсан байна. Арлын ойролцоо байсан аврах завь хагас метр зузаан үнсэнд дарагдсан байдалтай эргэж иржээ.

Хувийн эзэмшилд байдаг Уайт арлын галт уул дэлбэрэх эрсдэлтэй болсныг судлаачид сүүлийн өдрүүдэд анхааруулж байсан ч жуулчдад үзүүлэх аялал тасраагүй байна.

Уайт арлын галт уул нь Шинэ Зеландын хамгийн өндөр идэвхжилтэй галт уулуудын нэгэнд тоодогддог бөгөөд 70 хувь нь далайн усан дор байрладаг.

1914 онд энд хүхэр олборлож байсан 12 хүн галт уулын дэлбэрэлтэд өртөж амиа алдаж байжээ. Одоог хүртэл уурхай болон уурхайчдын сууцны балгас Уайт арал дээр байдаг бөгөөд жуулчдын үзмэр болдог байна.

Арлыг 1953 онд хувьчилснаас хойш жил бүр 10,000 гаруй жуулчин ирдэг аялал жуулчлалын төв болсон юм.

 

Эх сурвалж: Reuters