Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ямар хүмүүс дэлхийн элит бүлэгт багтаж байгааг судалж тодруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн элитүүд буюу дэлхий нийтийг удирдан залж байгаа бүлгийн хүмүүсийг системтэйгээр тодруулах ажлыг Global Leadership Project (GLP) төслийн баг гүйцэтгэжээ.

Тэд дэлхийн 145 улсын 38,085 удирдагчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулсан байна. Улс төрчид, сайд түшмэд, шүүгчид, парламентын гишүүд, төрийн гүйцэтгэх албан тушаалтнууд зэрэг хүмүүсээс гадна эзэн хаад, шашны тэргүүнүүд, цэргийн эрхтнүүд, томоохон компаниудын гүйцэтгэх удирдлагууд, нөлөө бүхий төрийн бус байгууллагын тэргүүнүүдийг хамруулжээ.

Ингэхэд дэлхийг удирдан чиглүүлж байгаа бүлгийнхний 81 хувь нь эрэгтэй, 91 хувь нь гэр бүлтэй, дундаж нас нь 55 гэсэн тоо гарсан байна.

Тэдний ихэнх нь хоёр хэлээр ярих чадвартай, гуравны нэг гаруй нь англи хэлтэй байжээ.

Бараг бүгд дээд боловсролтой байгаагаас тал орчим нь баруунд боловсрол эзэмшсэн байна. Мэргэжлийн хувьд эдийн засаг, бинзес, менежмэнт, хуулийн мэргэжил давамгайлжээ.

Элитүүд нь тухайн улс үндэстнийхээ иргэдийн дундаж орлогоос 13 дахин ихийг олдог байна.

Элитүүд дотроо дээд давхаргад байгаа хүмүүс нь дунджаар 61 настай, 92 хувь нь эрэгтэй, 59 хувь нь англи хэлтэй байгаа ажээ. Тэдний ихэнх нь гадаадад боловсрол эзэмшсэн бөгөөд 35 хувь нь эдийн засаг, бизнес, менежмэнтийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байна. Дараагийн түгээмэл мэргэжил нь хуульч (17 хувь) байжээ.

Тэдгээрийн ихэнх нь улс төрчийн гэр бүлээс гаралтай хүмүүс байна.

Баян улс орны элитүүд үндэсний хэмжээний орлогын дунджаас гурав дахин ихийг олж байгаа бол ядуу орнуудад энэ харьцаа 17 дахин болж нэмэгджээ.

Энэ үзүүлэлтээр Африк тивийн элитүүд үндэсний дунджаасаа 35 дахин их орлого олж тэргүүлсэн байна. Дэлхийн элитүүдийн гадаад хэлний мэдлэгт англи хэлний дараа франц, испани, араб хэлнүүд жагсжээ.

Тэдний ердөө 7 хувь нь улс төртэй холбоогүй хүмүүс байгааг тогтоосон байна.

 

Эх сурвалж: Business Insider