Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Цэрэндулам: Хямдарсан бараанд НӨАТ олгохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас (ШӨХТГ) сүүлийн үед хийсэн хяналт, шалгалтын дүнгээ танилцуулж, өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

2017 оноос хойш ШӨХТГ-т хандаж буй иргэдийн өргөдөл, гомдлын тоо нэмэгдэж, энэ оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийт 2,760 болжээ.

Энэ талаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэлэхдээ "Дээрх гомдол, өргөдлийн дийлэнхийг барилга, орон сууц, худалдаа үйлчилгээ, харилцаа холбооны салбарт гарч буй гомдол эзэлж байгаа бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна.

Барилгатай холбоотой асуудалд нийслэлийн Захирагчийн ажлын алба, дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэс болон Эрчим хүчний зохицуулах хороо анхаарах хэрэгтэй байгаа. Учир нь тус байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд дулаан, цахилгаан, СӨХ-д гомдол гаргах нь ихэссэн.

Түүнээс гадна харилцаа холбооны салбар болон боловсролын салбар дахь гомдол ч өсөх хандлагатай байгааг сануулах хэрэгтэй. Өмнө нь боловсролын салбартай холбоотой гомдол гардаггүй байсан. Харин одоо нэмэгдэж, ялангуяа сургалтын төвүүдийн зөвшөөрлийг олгох ажил ямар нэг хараа хяналтгүй, хариуцлагагүй явагдаж буйтай холбоотой гомдол ихсэж байна.

Мөн худалдаа үйлчилгээний газрууд хямдрал зохион байгуулах болсон. Энэхүү хямдралын үйл ажиллагаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдэх ёстой.

Өнгөрсөн онд шинэ жил, цагаан сарын хямдралтай холбоотойгоор бид тодорхой хяналт, шалгалт хийж зөрчлийг арилгуулахаар ажилласан. Харин одоо зөрчил гаргасны дараа аж ахуйн нэгжийг торгох гэхээс илүү урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа шаардлагатай байна.

Тухайн бараа, бүтээгдэхүүнээ хямдарсан гэж зах зээлийн ердийн үнээр зарж, иргэд хэрэглэгчдийг хохироож, хууль бус үйл ажиллагаа зохион байгуулсан аж ахуйн нэгжийг Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 5.0 сая төгрөгөөр торгодог.

Үүнд бид тодорхой хэмжээнд хяналт тавьж ажиллана. Хэрвээ тухайн аж ахуйн нэгж ямар нэг байдлаар зөрчил дутагдал гаргасан бол жижиг гэлтгүй холбогдох хуулийн дагуу хариуцлага оногдуулах учраас хуулийн хэрэгжилтээ хангаж ажиллахыг анхааруулж байна.

Мөн хямдарсан бараанд НӨАТ олгохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Хэрвээ худалдаа үйлчилгээ авч л байгаа бол холбогдох журмын дагуу НӨАТ-ын баримтаа авах л ёстой" гэв.