Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн шударга одон, медаль: "Алдарт эх", "Шударга журам"

ikon.mn
2019 оны 11 сарын 25
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
 

Миний бие өөрийн фэйсбүүк хуудсаараа “Хамгийн шударга одон, медалийг нэрлэнэ үү” санал асуулга явуулсан юм. Хүмүүс пэйжэд минь болон өөр бусад 11 группэд түгээж байршуулсан пост дор 5452 коммент үлдээсэн байна. Нийтдээ 4168 удаа шэйрлэн түгээж, 2629 лайк дарж, төсөөлснөөс илүү олуулаа оролцлоо. “Алдарт эх” одонг хамгийн шударга шагнал гэж үздэг нь ахин батлагдсан. “Алдарт эх”-ийг гэж үзвэл 1-ийг, “Шударга журам”-ыг нэрлэх бол 2-ын тоог, бусад бол бичиж үлдээх хувилбартай. Социологийн нарийн судалгаа биш ч гэлээ хүмүүсийн санал бодлыг хангалттай илтгэнэ гэж сонирхон туршиж үзсэн юм. Арван хүний ес нь буюу 98,1 хувь нь “Алдарт эх” одонг нэрлэсэн байна. Харин 2,5 хувь нь “Шударга журам” медалийг нэртэйгээ адилхан шударга журамтай гэж үздэг ажээ. Өөр бусад одон, гавъяат, тэр бүү хэл Улсын баатар, Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд шагналыг бараг дурдсангүй.

Даян дэлхийн сонорыг монгол аялгуугаар мялааж яваа “The Hu” хамтлагийг Чингис хааны одонгоор шагнах болсон тухай мэдээ энэ өдрүүдийг гоёж байгаа нь төрийн шагнал эзнээ, нүдээ олсон хэрэг боллоо гэж үнэлэгдэж байна. Миний бие төрийн одон медаль хэрэгтэй эсэх, өмнөх нийгмийн үеийн шагнал өнөөдөр ч хүчинтэй байгаа нь зөв үү, буруу юу гэдгийг хөндөх зорилго огт тавиагүй. Өнөөгийн хүчин төгөлдөр одон медалиас хамгийн шударгыг нь нэрлэхийг л хүссэн. Эзнээ олбол шагнал бүхэн эрхэм. Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн, хилчин Б.Тэгшээ, Б.Гиваан, Л.Даваадорж, эсвэл олимп, дэлхийн аваргууд гээд шагнал эзнээ олсон үй түмэн сайхан түүхийг бид мэднэ. Эзнээ олоогүй өчнөөн жишээг ч бид бас мэддэг бухимддаг. Хамгийн шударга гэж хүмүүсийн үнэлдэг “Алдарт эх” одон, “Шударга журам” медалийн талаарх олж мэдсэн бага зүйлс, өөрийн санал бодлоо өгүүлэхийг хүслээ. Бүгд мэддэг, бахархдаг учраас “Алдарт эх” одонгийн талаар товчхон, харин хэн нэгний энгэрт байхад нь тэр бүр ялгаж мэддэггүй “Шударга журам”-ын тухай дэлгэрэнгүй өгүүлье. Хүн ам цөөтэй, эдийн засгийн хувьд буурай Монгол оронд төрийн одон, медаль огт хэрэггүй гэвэл учир дутагдалтай.

 

Алдарт эхийн одонг шүүмжлэх хүн мэр сэр байдаг ч гэлээ хоёр их хөршийн дунд хэтэрхий цөөхүүлээ улсад “Монголын үрс маш олон болтугай” хэмээх бодлогын нэгэн илрэл нь олон хүүхэдтэй ээжүүдийн шагнал. Хамгийн ариун дээд эрхэм шагнал ээжүүдийн одон. Есөн жилийн өмнө 125 мянган одонтой эх байсан бол өнгөрсөн онд 220 мянга болж хоёр дахин өсчээ. Өнгөрсөн оны байдлаар дөрвөн хүүхэд төрүүлсэн 145 мянга, тав, түүнээс олон хүүхэдтэй 74.4 мянган монгол ээж байдаг юм байна. Гагцхүү зөвхөн одонгоор өнөр өтгөн болохыг дэмжих бодлого хэрэгжихгүй нь тодорхой. Нөгөө талаар олон хүүхэд гаргах эрүүл мэндийн боломжгүй, ажил мэргэжилдээ хамаг бүхнээ зориулж, улсынхаа нэрийг өргөж, баялаг бүтээж, эх орондоо өөрөөр хувь нэмрээ оруулж яваа мянга мянган эмэгтэйг алагчилж ялгаварлах ёсгүй гэж боддог. Спорт, урлаг, цэрэг, цагдаа, онцгой байдлын албанд амь амьдралаа зориулсан хүмүүсийн хувьд өнгө мөнгөөр үнэлшгүй үнэт зүйл, эрхэм дээд үнэлэмж бий. Цэргийн хүнд гэхэд мөрдөснийх нь таван хошуу, өргөсөн тангараг, тамирчдад өөдөө тэмүүлсэн зорилго, төрийн дууллаа эгшиглүүлэх нь өнгө мөнгө, өндөр цалингаас илүү үнэ цэнтэй. Таньж мэдэхгүй хүний амийг аврахын төлөө гал, ус руу хором эргэлзэхгүй ордог аврагч амь даатгалын мөнгө, нөхөн олговроо тооцдоггүй, өөрийгөө зольдог шүү дээ. Тамирчин хүн алтан соёмбот далбаагаа намируулах тэр мөчид Та бид Монгол гэдэг нэгэн их бахархал дор нэгддэг. Жишээлбэл, хүндийг өргөлтийн дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цом, тивийн аварга М.Анхцэцэгт Америк, Казахстан, Узбекистан, Солонгос өөрийн тамирчин болгох санал тавьж, сарын 20 мянган доллар хүртэлх цалин, хангамж амласан ч эх орондоо үлдсэн тухай мэдээ, ярилцлага интернэтэд байна. Улсын шигшээ багийн тамирчны сарын цалин 380 мянган төгрөг. Өнөөдрийн ханшаар 137 доллартой тэнцэх, цалингаас нь 300 дахин ихийг өгье гэсэн ч хүлээн зөвшөөрөөгүй нь юуных вэ? Илүү эрхэм дээд үнэлэмж, эх орны төлөө цохилох зүрхтэй учраас тэр гэж бодож байна. Онцгой байдлын аврагчид огт танихгүй, мэдэхгүй хүний амийг аврахаар ганц хором эргэлзэлгүй гал, ус руу ордог.

Амь даатгал, нөхөн төлбөр биш өргөсөн тангараг, эх орны цэргийн зүрх зориг, итгэл үнэмшлээр өөрсдийгөө зольж, өрөөл бусдыг авран хамгаалдаг. Өнгөрсөн хавар Дорнод аймгийн Онцгой байдлын ажилтан А.Болорсүхийн нэг удаагийн ээлжит эмчилгээний зардалд нэмэрлэж, үе тэнгийн тэр залуутай танилцаж байсан. Бүх биеийнх нь 80 хувь түлэгдэж үлдсэн А.Болорсүх, амиа алдсан журмын нөхдөд нь, эх орны цэргүүдэд өргөсөн тангараг, хүлээсэн үүрэг нь юунаас ч үнэтэйг байдгийг мэдэрсэн. Гэнэтийн аюул осол, элдэв гай гамшгийн үеэр эр зориг гаргаж, хүний амь нас, эрүүл мэндийг аварсан, байгаль дэлхийгээ хамгаалж сайн үйлс бүтээсэн хэн ч хүртэх эрхтэй “Шударга журам” медаль. Хэний хүү хэн ч гэсэн, энгийн, цэргийн ялгаагүй эр зориг, хүн чанар, шударга явдлаар хүртдэг. Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог, өндөр үнэ цэнтэй, хүн шиг хүний хүртдэг шагнал.

Түүх сөхвөл, 1959 онд, одоогоос жаран жилийн өмнө 12 настай Д.Чулуунхүү гэдэг охин гурван хүүхдийн галын аюулаас аварч анхны шударга журамтан болж байжээ. 3 настай дүүгээ галын аюулаас аварсан 7 настай хүү, тагтнаас унах гэж байсан хүүхэд аварсан эргүүлийн цагдаа, үер уснаас айлгүй алтан амь авч үлдсэн энгийн нэг иргэний энгэрт гялалзах “Шударга журам” хүнлэг үзлийг түгээж байдаг. Ихэнх хүн энэ медалийн өнгө загварыг хараад танихгүй ч учрыг нь мэдэж, утгыг нь олбол цагаан сар, баяр ёслолоор энгэрт ярайдаг өчнөөн одонгоос илүү нэр төртэй, бахархал төрүүлэх хүчтэй медаль. Мөнгөн тэтгэмж, элдэв хөнгөлөлт, тэтгэлэггүй ч гэлээ эрхэм дээд шагнал. Өнгөрсөн оны зун Дорноговийн Айраг суманд галт тэрэгний томоохон осол гарахад эр зоригтой, ур чадвартай ажилласан сувилагч, цагдаа, аврагч, машинист гээд 20 гаруй хүн, эгэл баатрууд “Шударга журам”-аар шагнагдсан. Аваар осол, гал ус, байгалийн гамшиг хэлж ирдэггүй хийсч ирдэг, хүнийн сайн үйлсийг тооцож төлөвлөх аргагүй баялаг учраас тогтсон тоо гэж байхгүй. Гавъяатаас илүү Цагаан сар, Наадам, баяр ёслолоор шагналын хур буудаг. Одон, медалийн хуулиар тогтоосон эрэмбэ дарааллаас илүү эрхэм дээд шинж чанар, шударга ёс, үйлс, буяныг нь харгалзах юм бол алдарт эхчүүд, шударга журамтнууд л шагнал хүртсэн тухай мэдээ, сурвалжлагын тэргүүнд нь байх ёстой гэж боддог. Шударга журам медаль хүртсэн хүн чанар, эр зориг, сайн үйлсийн эздээ алдаршуулж бахархахын хэрээр амьддаа бие биенээ хайрлах, хүнлэг үзлийг түгээн дэлгэрүүлнэ. Тоо статистикаар гарахгүй, хувь хэмжээгээр илэрхийлэгдэхгүй ч гэлээ манай Монголын нийгмийн “Хүн чанарын индекс”-ийг өндөрт өргөж байх сайн үйлс билээ. Хүн чанартай хүн Танд баярлалаа.

“Бичил Глобус” Санхүүгийн нэгдлийн Ерөнхий захирал
“Хөгжлийн аминдэм” ТББ-ын тэргүүн

Самдангийн ОТГОНБАТ