Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хар тэнгист живсэн ачааны хөлгөөс 14,600 хонийг аврах ажиллагаа үргэлжилж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Румын улсын эргээс хөдөлсөн ачааны хөлөг Ням гарагт Хар тэнгисийн усанд живснээс уг хөлөг дээр тээвэрлэж явсан 14,600 хонийг аврах ажиллагаа эхэлжээ.

Румын улсын Мидиа боомтоос Саудын Арабын зүгт хөдөлсөн хөлөг удалгүй живсэн байна. Хөлөг дээр байсан 20 Сири, нэг Ливан хүнийг эхний ээлжинд 32 хонины хамт авраад байгаа гэнэ.

“Аврах ажиллагаа үргэлжилж байгаа. Хөлөгт тээвэрлэгдэж явсан хонинууд амьд байгаа гэж найдаж байна” хэмээн Румын улсын аврах албаны төлөөлөгч Ана Мариа Соика сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Румын улсын мал экспортын холбоо Acebop осол гарсан шалтгааныг яаралтай мөрдөн шалгахыг уриалсан байна. “Манай холбоо осол гарсан тухай мэдээг сонсоод цочирдоод байна. Хэрвээ бид мал сүргээ алс хол газарт аюулгүй тээвэрлэж чадахгүй бол экспортыг нь хориглох хэрэгтэй” гэж тус холбооны ерөнхийлөгч Мэри Пана мэдэгдсэн байна.

2007 онд Европын Холбоонд нэгдсэн Румын улс тус холбооны хамгийн ядуу гишүүн орнуудын нэг. Европын Холбоон дотроо Британи, Испанийн дараа хамгийн олон хоньтой гурав дахь улс юм. Харин мал экспортлох хэмжээгээрээ тэргүүлдэг бөгөөд голдуу Ойрх Дорнодын зах зээлд гаргадаг байна.

Европын амьтны эрхийг хамгаалагчид Румын улсыг хонь экспортлохдоо аюулгүй байдал, эрүүл мэндийн стандарт хангадаггүй гэж үргэлж шүүмжилдэг бөгөөд Европын Холбооны захиргаанд хандаж, шалгалт явуулахыг шаардаж байв.

 

Эх сурвалж: AFP