Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

С.Долоолой: Иргэн Ц.Пүрэвдоржийг үндэслэлгүй гүтгэсэн гэдэг нь худлаа. Бүх зүйл баримттай байгаа

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Иргэн Ц.Пүрэвдорж хэдхэн хоногийн өмнө “Цагдаагийн алба хаагч бүртгэлгүй хэрэг тулгаж байгаа” талаар мэдээлэл хийж байсан билээ.

Энэ талаар өнөөдөр иргэн С.Долоолой хариу тайлбар хийсэн юм. Тэрбээр Ц.Пүрэвдоржтой хамтран ажиллаж байсан аж. 

Иргэн С.Долоолой “2018 оны аравдугаар сард ах маань Ц.Пүрэвдоржтой танилцуусан. Тухайн үед Сэлэнгэ аймгийн Хушаат суманд ногоо тарьдаг бөгөөд ногоогоо хураах гэхэд ачих машин, хүн хүчгүй тул тусламж гуйсан. Ингээд би найзууддаа хандаж, хамтдаа Хушаатад очсон. 10-уулаа очиж ажиллахад тэр том талбайд ажиллахад хаана нь ч хүрэхгүй байсан юм. Тиймээс илүү хүн хүч ажиллуулъя, эхний удаад цалинжуулах мөнгө хэрэгтэй байна гээд мөнгө зээлүүлэх хүн олоод өгөөч гэж гуйсан. Би хуурай дүүгээсээ 6,000,000 төгрөг зээлүүлж өгсөн юм. 

Харин дараа нь хаягдал ногоогоороо малын тэжээл хийхэд мөнгө дутлаа гээд миний машиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж, сарын дараа авч өгнө гэсэн. Би өөрөө хувиараа бизнес эрхэлдэг учир туслахыг л хичээсэн нь тэр. Гэтэл ББСБ-аас зээлээ төлнө үү гэж зурвас ирүүлсэн. 

Тухайн газартай уулзахад нэг ч удаа зээлийн төлөлт хийгээгүй тухай хэлэхэд нь Ц.Пүрэвдоржийг эрж хайж эхлэв. 

Анхлан Дархан аймгийн иргэний шүүхэд хандаж, эрэн сурвалжлуулснаар хаягийг нь тогтоолгосон. Тухайн хаягийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаад хандсан юм. Гэтэл Дарханы иргэний хэргийн шүүхэд ханд гээд, Дарханых нь болохоор Баянзүрхийн цагдаад ханд гээд хоёр тийш нэлээд явдал болсон.

Энэ хугацаанд машины зээл, хүүгийн төлбөр нийт дөрвөн сая гаруй төгрөгийг төлж, машинаа чөлөөлж авсан. Уг мөнгөө Ц.Пүрэвдоржоос нэхэмжилж байгаа” гэлээ.

Мөн иргэн Ц.Пүрэвдоржийг үндэслэлгүй гүтгэсэн гэдэг нь худлаа. Бүх зүйл баримттай байгаа хэмээн иргэн С.Долоолой мэдэгдэн, цагдаагийн байгууллагаас хэргийн үнэн мөнийг шалгаж, шийдвэрлэж өгөхийг хүсэв.