Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Сайнжаргал: 40, 50 мянгатынхан “эксел” машинаа үнэд хүрнэ гэж итгэсээр байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 14
Сурталчилгаа

Хийж бүтээхсэн гэхээс асч яваа залуус олон бий. Тэд үл хөдлөхтэй бол түүнийгээ “хөдөлгөж” мөрөөдөлдөө хөрөнгө оруулж байна. Тэгвэл үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн  тухай RE/MAX ELITE брокер оффисын захирал Х.Сайнжаргалтай ярилцлаа.

 

“Японд гурван удаа байр түрээслэсэн ч эзэнтэй нь огт уулзаж үзээгүй”

-Таныг Японоос үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнест хөл тавих гал халуун мөрөөдөл тээсээр ирсэн гэж сонссон?

-Яг тийм. Би 16 жилийн өмнө сурагч байхдаа “Баян аав, ядуу аав” гэдэг нэртэй ном уншиж байсан. Тэр номноос үл хөдлөх хөрөнгийн бизнесийн талаар анхны ойлголтоо авч байлаа. Японд эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн. Тэнд байхдаа оюутны байрнаасаа гарч 3 удаа орон сууц түрээсэлж байв. Байраа сольж шинэ байр түрээслэх бүрт би огт эзэнтэй нь уулзаж байгаагүй. Зөвхөн зуучлагчтай л харилцсан. Японы үл хөдлөх хөрөнгө зуучлалын газрууд түрээслэгчээр даатгал хийлгүүлдэг. Мөн тэд үл хөдлөх хөрөнгийн засвар үйлчилгээ хийдэг менежментийн компаниудтай нягт холбоотой ажилладаг учраас эзэнтэй нь уулзах шаардлага гардаггүй байлаа. Магадгүй би байраа зарах болвол тухайн газарт очоод түлхүүрээ, бичиг баримтаа хүлээлгээд өгчихнө. Эцэст нь мөнгөө аваад л ажил дуусна. Энэ нь үл хөдлөхийн хөрөнгийн зах зээл өндөр хөгжчихсөн орны хувьд энгийн л үзэгдэл ч миний хувьд маш таатай санагдаж байлаа. Ингээд л Токиогийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлийг сонирхож эхэлсэн. Маш сонирхолтой санагдсан учраас тэнд RE/MAX-ийн адил үйл ажиллагаа явуулдаг томоохон хэмжээний зуучлалын газарт дадлага хийхийг хүссэн боловч оюутан биш бүтэн цагаар ажиллах хүн авна гээд намайг аваагүй/инээв/. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын талаар өндөр сэтгэгдэл тээсээр их сургуулиа төгсөөд монголдоо хүрч иртэл тэнгэр, газар шиг ялгаатай байдал угтсан.

-Хэдэн онд вэ? Монголчууд олон нийтийн сүлжээнд зар тавиад л байраа түрээсэлж, худалдах хандлага давамгай байсан. Тухайн үед зуучлалын компани хэр олон байв?

-2011 оны дундуур Монголдоо буцаж ирсэн. Би гэдэг хүн хэрэндээ үл хөдлөх хөрөнгийн онолыг нь судалчихсан, Токиод байсан учраас үл хөдлөх хөрөнгийн харилцаа ямар байдаг вэ гэдгийг тодорхой хэмжээнд мэддэг болчихоод монголд иртэл тэс өөр нөхцөл байдал намайг угтсан даа. Тухайн үед Монголд ченж нарын гарт хамаг юм нь багтчихсан байлаа. Яахав, боломжийн зуучлалын газрууд тухайн үед маш ховор ч ганц, хоёр байсан. Японоос үл хөдлөх хөрөнгийн бизнест хөл тавих зорилго өвөртлөөд ирсэн хүн чинь Улаанбаатарынхаа бүхий л зуучлалын газрын хаалгыг татаж үзлээ.Заримдаа бүүр итгэмээргүй зүйлтэй учирна. Нэг удаа үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийхантай уулзахаар цаг товлоод очтол оффис нь угсармал есөн давхар байрны доод талын подвалын пс тоглоомын газар дотор байдаг болж таарлаа шүү. Өрөөний буланд нэг ширээн дээр хоёр залуу сууцан тоглож байх юм. “Бид үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд” гэх хэр нь цахимаар тоглоод завгүй. Ширээний шүүгээндээ бусдын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг эмх цэгцгүй тараагаад хийчихсэн байсныг тод санаж байна. Үүнээс гадна манай монголчууд тухайн үед “Үнэгүй.мн”, “Зар мэдээ” сонинд зар өгөөд л байраа зарчихдаг байсан. Японд зар байршуулах сонин, сайт байхгүй шүү дээ. Зуучлалын газарт очоод л түлхүүрээ өгчихдөг. Тэд ч гэрчилгээг нь авч халааслаад байдаггүй. Ер нь л миний төсөөлснөөс тэс өөр орчин угтсан даа.

-Уг нь үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэх зорилготой иртэл урам хугармаар орчин угтсан гэж үү? 

-Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компани байгуулах хүсэл зорилго дүүрэн байсан ч энэ салбарыг хүлээж авах монголчуудын сэтгэлгээ арай бэлэн болоогүй, хууль эрхзүйн орчин нь бүрдээгүй түүн дээр нь дөрөөлөөд ченж нар нь дураараа тоглолт хийдэг нөхцөл байдалтай байсан. Ийм учраас  боломж, нөхцөл нь арай илүү сайжрахыг  хүлээгээд худалдааны компанид ажилд орсон.

-Одоогоос найман жилийн өмнө монголдоо иржээ. Тухайн үед байрны үнэ ханш болоод үл хөдлөх хөрөнгийн зах зээл манайд аль түвшинд байв?

-Тухайн үед улстөрийн нөлөөлөл үл хөдлөх хөрөнгийн зах зээлд их савлагаа үүсгэдэг байсан. Тухайлбал жилийн 6%-ийн хүүтэй ипотекийн зээлийг гаргана гэдэг улстөрийн пиар явсан байдаг. Гэтэл сонгуулийн пиар гэдгийг мэдэхгүй хүмүүс орон сууцны үнээ нэмээд эхэлчихсэн. Түүний дараагаар 8%-ийн ипотекийн зээл ч сонгуулийн өмнөхөн зах зээлийн судалгаагүйгээр тавигдсан . Үнийн индексээс харахад 2013 оны эхээр хуучин, шинэ орон сууцны үнэ өссөн. Тухайн үед хүмүүс дахиад ч үнэ өсөх байх гэж таамаглан хананаас нь ус гоождог, 4 ханатай л бол хаана ч хамаагүй орон сууц  худалдаж авч байв. Үүнийг дагаад барилгын компани болон бэлтгэн нийлүүлэгч компаниуд ямарч судалгаагүй энэ салбар луу улайран дайрсан. Зээл авч урдаас бараа материал,тоног төхөөрөмж их хэмжээгээр зөөгөөд л ёстой  бужигнасан он жилүүд байв. Зөвшөөрөл авалгүй эхлээд барилгаа бариад, баригдаж байх явцад нь зөвшөөрлөө авах зэргээр эмх замбараагүй байдал үүссэн.  Гэвч жам ёсныхоо дагуу 2014 оны дундаас зах зээлд үүсээд байсан “хөөс” хагарч эхэлсэн. Ипотекийн зээл зогсож, орон сууцнууд зарагдахаа больж үнэ нь унасан. Харин өнөөдөр “хөөсрөлт”-ийн хохирогч болж  бэлтгэн нийлүүлэгч компаниуд дампуурахад хүрч, олон ч гүйцэтгэгч компаниудад ажил олдохгүй зогсоход хүрээд байна. Хамгийн их хохирсон хүмүүс бол хэрэглэгчид. Тухайн үед маш өндөр үнээр байр авчихсан. Авсан байр нь чанаргүй тул зах зээлийнхээ жамаар үнэ нь уначихлаа. Гэтэл банкинд маш өндөр зээлтэй болчихсон учраас орон сууцаа зарсан ч өртэй хоцрох гээд байдаг. Чанаргүй муу баригдсан байрандаа амьдармааргүй байв ч шинэ байр авах мөнгө байдаггүй.  Ийм дүр зураг түгээмэл бий болсон.  Нэг ёсондоо үл хөдлөх хөрөнгийн мэдлэггүйгээсээ болоод компаниуд болоод хэрэглэгчид нь  зэрэг хохирч байгаа явдал юм л даа .

-Тэгвэл өнөөдөр монголчуудын үл хөдлөх хөрөнгийн зах зээл, зуучлалын талаарх ойлголт хаахна явна вэ?

-Хуучин орон сууц эзэмшигчид буюу 40, 50 мянгатынхан дээр жишээ татъя. Энэ хорооллын оршин суугчдын дийлэнх хувь нь “Манай байрны үнэ удахгүй хаданд гарна. Тэр үед нь өндөр үнээр худадана” гээд суугаад байдаг. Гэтэл хуучин орон сууцны үнэ буурсаар байна, цаашид ч нэг их өсөхгүй болов уу. Харин чанартай шинэ орон сууцны үнэ зах зээлийн ямар ч шуурганд багахан буурдаг ч буцаад сэргэх нь хурдан байдаг. Анх Монголд эксел машин орж ирж байлаа. Гэтэл өнөөдөр эксел хэдэн төгрөгийн үнэлгээтэй байгаа билээ. Автомашины технологи тэс өөр шинэ түвшин гарч хүмүүс Ланд крузер 200, Лехус 570 зэрэг машин сонирхдог болоод байна. Яг үүнтэй барилгын салбар адилхан. Тэгэхээр 40,50 мянгатынхан эксел машинаа үнэд хүргэнэ гээд хадгалаад суугаад байгаа гэсэн үг.  Энэ хүмүүст хандаж та үл хөдлөх хөрөнгөө үнэ цэнэтэй болгохын төлөө амьдраад байна уу, эсвэл өөрийн амьдралыг сайхан болгохын тулд үл хөдлөх хөрөнгөө ухаалгаар ашиглах уу гэдгийг нухацтай бодож үзээрэй гэж зөвлөмөөр  байна. Дахин төлөвлөлт хийх гэж байгаа компаниудад орон сууцаа боломжийн үнээр зарчихаад өөрсдөө Яармаг, цэцэрлэгт хүрээлэнд байна уу, Ривер гарден, Хүннү байна уу хэрэгцээ, ая тухыг бүрэн хангасан шинэ хоосон байрнуудад нүүгээд орчихвол хаа хаанаа хэрэгтэй санагддаг. Ингэснээр хотын маань үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн механизм эргэлдэнэ, эрүүлжинэ. Хүмүүс өөрийнхөө хуучин байрыг удахгүй тэрбум хүрнэ гээд барилгын салбарын хөгжилөө ч, өөрсдийнхөө эрүүл сайхан орчинд амьдрах боломжоо ч уяад байна. Үл хөдлөх хөрөнгийн дэлхийн но-хау монголд ороод ирчихсэн байгаа учраас иргэд маань RE/MAX-ийн салбаруудад очоод  ирээдүйд үл хөдлөх хөрөнгийн бизнес хэрхэн яаж хөгжих, түүнтэй зэрэгцэн үл хөдлөх хөрөнгүүдээ хэрхэн үнэд хүргэх, үнэ цэнээ алдахгүй сайн үл хөдлөх хөрөнгүүдийг хэрхэн сонгож авах  зэрэг зөвлөгөөнүүдийг авмаар байна.

“Ойрын таван жилд түрээсийн орон сууцны зах зээл тэлнэ”

 

-Та RE/MAX-ийн агентаас ажлын гараагаа эхэлсэн юм билээ. Харин өнөөдөр захирал болтлоо дэвшжээ. Анх агент болоход танд ямар сэтгэгдэл төрж байв?

-2015.10 сард RE/MAX компани монголд албан ёсны нээлтээ хийсэн байдаг. Тухайн үед л би брокер эзэмшигч болно гэж зорьж байлаа. Учир нь энэ бол миний Японоос тээж ирсэн зорилго шүү дээ /инээв.сур/. RE/MAX орж ирснээр “хөмөрсөн тогоо” шиг байж болохгүй гэдэг олон улсын стандартууд монголд тогтож эхэлсэн. 2017 оны эхээр би RE/MAX-т агентаар орсон. Франчайз эрх авах уу, дотор нь ажиллаад үзэх үү гэсэн хоёр сонголтоос агент болох шийдвэр гаргасан. Анх ороход надад сургалтын систем нь үнэхээр таалагдсан. Би анх “Ромео, Жульетта” гэдэг төсөл дээр ажиллаж 50 орчим байр зарж урам орж явлаа. Тухайн үед RE/MAX-д хөрөнгөө өгч заруулах нь зөв юм гэдгийг монголчууд ойлгож эхэлж байсан үе. Монголд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн харилцаа 1990-ээд оноос хойш л хөгжсөн гэхээр 30 гаруй жилийн л туршлагатай. Гэтэл энэ тогтолцоо АНУ-д 100-200 жилийн настай. RE/MAX компани байгуулагдсаны 46 жилийн ойгоо саяхан тэмдэглэсэн. Энэ компанийн үйл ажиллагаа ч Монголд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн харилцаа үүсэхээс өмнө эхэлжээ.

Агент хүмүүст RE/MAX компани “Боломж” л олгодог. Би агент байсан. RE/MAX компани агентууддаа таван үнэ цэнэ өгдөг. Үүнд:

  • Цагт баригдахгүйгээр уян хатан ажиллах
  • Онлайн болон танхимын сургалт
  • Ур чадвар, мэдлэгтэй, хамт олон
  • Хуулийн хамгаалалт
  • Шударга үнэлэмж, хийснээрээ авах урамшууллын систем.

Би энэхүү таван үнэ цэнийг биеэрээ амсан бүтэн жил агент хийж үзсэн дээ. Ийм сайхан боломжуудыг ганцаараа ашиглаад яваад байх биш олон залууст хүртээж, түгээе гэж зориод RE/MAX-ийн брокер оффис нээхээр  зориг шулуудсан.

 

-Захирал болох зам дардан байв уу?

-RE/MAX-ийн брокер оффисын франчайз эрх авахад амаргүй. Олон удаагийн ярилцлаганд ордог. Санхүүгээ шалгуулж, бизнес төлөвлөгөөгөө танилцуулдаг. Би өөрийн үеэл эгч Ганброс компаний гүйцэтгэх захирал А.Одончимэгтэй нийлж RE/MAX Elite брокер оффисынхоо эрхийг 2018.02.02-нд авч байсан. Эгчийн маань бизнесийн салбарт ажилласан 15 жилийн туршлага байсан учраас брокер оффисын маань үйл ажиллагаа тун сайн явж байгаа гэж боддог.

Манай оффис  “Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт Элит түвшний реалторуудыг бэлтгэн гаргана” гэсэн уриатай.Харилцагч нартаа сайн үйлчилгээ үзүүлдэг, үл хөдлөх хөрөнгийн талаар мэдлэгтэй, ур чадвартай бас сэтгэлтэй, харилцааны соёлтой нэг ёсондоо Элит агентуудыг зах зээлд бэлтгэн гаргаж тэдний амжилтаар нийгэмд залуу үеийнхээ түүчээ болох зорилготой. Агентуудыг элсүүлж, бэлтгэдэг хүний хувьд би өөрийгөө үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хаалган дээр манаач хийгээд сууж байгаа хүн гэж боддог. Би сэтгэлгүй, мэдлэггүй хүн энэ салбарт элсүүлж оруулах юм бол цаашдаа маш олон хүн эд хөрөнгө, сэтгэл санаа ,цаг хугацаа, хөдөлмөрөөрөө хохирно. Тийм учраас ажилдаа маш няхуур ханддаг. RE/MAX хүнийг маш гоё төлөвшүүлж өгдөг. Захирлуудад маш өндөр шаардлага тавьдаг. Тэр хэрээр бид эргүүлээд агентууддаа өндөр шаардлага тавьдаг.Монголд мэдлэгтэй, чадвартай залуучууд маш олон байна. Гэвч тэдгээр залуус төсвийн болоод өөр бага цалинтай газарт цагаа уяуулаад , гэр бүлдээ ч цаг гаргаж чадахгүй ,ажлын төлөө л амьдарч байна.

-Гэхдээ амьдрахын тулд ажиллах ёстой?

-Тэгэлгүй яахав. Миний мөрөөдөл бол олон залуусыг ашиг орлоготой болгож, монголын үл хөдлөх хөрөнгийн салбарын бүтээн байгуулалтад гар бие оролцуулах. Би 1 жил хагасын хугацаанд 1200 гаруй хүнтэй ажлын ярилцлага хийсэн байдаг. Энэ нь 30 хүнтэй ажлын ярилцлага хийж байж 1 хүн сонгож авдаг гэсэн үг. Би хөдөлмөрч хүмүүсийг хайдаг. Япон орон яагаад хөгжсөн бэ гэвэл тэд хөдөлмөрч. Тэнд хөдөлмөрлөхгүй л бол хэн ч биш. Монголд ирээд би эсрэгээрээ соёлын шоконд  орсон. Тэр нь хөдөлмөрлөхгүй байсан ч  монголд амьдраад, болоод байдаг тогтолцоо. Хүнд худлаа хэлдэг, ил далд хулгай хийдэг, аргацаагаад нэг юм хийгээд өгчихдөг хандлага залуу хүмүүст ч тэр, соц нийгмийн үед амьдарч байсан хүмүүсээс ч харагдаад байгаа юм. Залуучууд хамгийн түрүүнд зорилгоо тодорхойлох ёстой. Зорилго нь хэрвээ тухайн хүний сэтгэлээс гарсан бол бэрхшээл түүнд саад болохгүй, хөдөлмөрлөхгүй байж чадахгүй. Зорилгогүй хүмүүсийн хувьд өмнө нь нэг бэрхшээл тулгардаг. Түүнээс бултчихдаг. Дахиад тулгардаг. Энэ үед давж гарах арга мухардахад ухардаг, бууж өгдөг, арай илүү амархан зүйл эрж хайгаад яваад өгдөг. Залуусын зорилго нь мөнгө олох болчихоод байна уу даа гэж харагдаад байгаа. Мөнгө бол зорилгод хүрэх арга хэрэгсэл буюу тоглоомын оноо. Зөвхөн онооны төлөө тоглож байгаа хүн хэзээ ч сайн тоглогч болж чадахгүй шүү дээ.

-Монголд RE/MAX орж ирснээр барилгын компаниудын ажлыг хөнгөвчилсөн гэж хардаг.

-Барилгын салбарт гол үүрэг гүйцэтгэгч таван төрлийн компани, хувь хүн  байдаг. Энэ нь

  • Бэлтгэн нийлүүлэгчид
  • Гүйцэтгэгчид
  • Хөрөнгө оруулагчид
  • Борлуулагчид
  • Хөрөнгийн менежмент хийгчид.

Намайг анх RE/MAX-д ороход дээрх таван үүргийг барилгын компани дангаараа хийдэг байсан. Өөрсдөө мөнгөө босгодог, өөрсдөө барилгаа барьдаг, өөрсдөө борлуулдаг, өөрсдөө ашиглалтанд орсны дараах менежментийн үйлчилгээгээ үзүүлдэг гээд л... Яг л супермен шиг. Одоо харин барилгын компаниуд маань супермены дүрд тоглохоо болиод , мэргэжлийн байгууллагуудад нь ажил үүргүүдийг нь даатгаж өгөөд, өөрсдийн хамгийн сайн хийж чаддаг бөгөөд хамгийн их ашиг өгөх зүйлдээ л төвлөрч ажиллаж байгаа нь тун сайшаалтай. Би хувьдаа барилгын салбарт ажиллах гэж нухацтай бодож  байгаа хүмүүст дор хаяж 1-2 жил үл хөдлөх зуучлалын салбарт ажиллаад үзээч гэж зөвлөмөөр байдаг. Учир нь агент хийх явцдаа ямар орон сууцыг хүмүүс хүсээд байгаа, барилгын компаниуд юун дээрээ алдаад байгаа,  үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тренд хаашаа чиглэх гээд байгаа,санхүүгийн хувьд худалдан авагчдад ямар асуудал тулгараад байгаа, түүнийг нь шийдэх ямар гаргалгаа байж болох вэ гэдгийг маш сайн ойлгож авдаг. Агент хийж үзсэн хүн барилгын аль ч салбарт очиж ажилласан ажлаа оромддоггүй . Японд бол ажилд орсон хүн хамгийн эхэнд харилцагчийн салбар, бүтээгдэхүүн борлуулалтад ажиллаж үздэг. Ингэж фронт дээр ажиллаж үзэж байж л жинхэнэ ажлынхаа утга учрыг ойлгодог болдог. Харин монголд бол даргын хүүхэд бол дарга, дарга, дарга....Энэ их буруу соёл л доо.

 

-Монголын үл хөдлөх зуучлалын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Өөдрөгөөр харж байгаа. Эдийн засаг яаж ч хямарсан хүнд орох орон, компаниудад үйл ажиллагаа явуулах оффис, үйлдвэрүүдэд бараа бүтээгдэхүүнээ хадгалах агуулах сав хэрэгтэй. Ойрын таван жилд түрээсийн орон сууцны эрэлт нэмэгдэнэ гэсэн тооцоо байна. 8%-ийн зээл багассан, банкууд маш бага олгож байгаа. Мөн 8%-ийн шаардлага хангах хүмүүсийн ихэнх нь орон сууцаа авчихсан.

“Би дотогшоо хүн”

-Одоо харин таны хувь хүн тал руу чиглэсэн цөөн асуулт тавья. Та сэтгэл хөдлөл өндөртэй, зөөлөн хүн шиг санагдлаа.

-Би нэгдүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн ангид суралцаж төгссөн. Тиймээс одоо ч тоо бодох, тооцоолох дуртай. Найзууд маань намайг нөхөрсөг, илэн далангүй хүн гэдэг. Харин би өөрийгөө дотогшоогоо хүн гэж дүгнэнэ. Надад АНУ, Японд суралцах боломж олдсон ч би Японыг сонгосон. Миний сонголт зөв байсан. Япончууд дотогшоогоо хандлагатай хүмүүс. Соёл нь ч тийм.  Эргэцүүлдэг, нухацтай хүмүүстэй хамт байхдаа би өөрийнхөөрөө байдаг.Ийм хүмүүсийн өрөөсөн дугуй гэж ойлгож болно /инээв/. Хөгжилтэй, нээлттэй хүмүүстэй байхдаа жинхэнэ Сайнжаргалыгаа нуух гээд байдаг муу талтай . Би шатар тоглох дуртай. Сайн биш л дээ. Арга, техник эзэмших дургүй. Зөвхөн шатар тоглох тэр агшинд маш нухацтай төвлөрч чаддаг учраас л сайхан байдаг.

-Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Би хоёр төрлийн спортоор хичээллэдэг. Нэг нь усанд сэлэлт, нөгөө нь ууланд алхах. Заримдаа ажил руугаа алхаад ирэх их гоё. Заримдаа өдөржин ажил дээр бужигнаад стрессдсэн үедээ гэр рүүгээ унаагаар биш алхаад явахад тархи сэргэж, толгой амардаг. Ууланд авирахад хүн байгаль дэлхийтэйгээ холбогддог. Аливаа юмыг өөр өнцгөөс харж эхэлдэг гэхүүдээ. 

-Хамгийн сүүлд ямар ном уншив?

-Би хүний хөгжлийн тухай ном унших дуртай. Хүмүүсийн алдаж, оносон туршлага номонд байдаг. Тухайн туршлагыг хуулбарлахдаа биш, их мэдэх царайлж хүнд ярихдаа биш алдаа, онооноос нь суралцах гэсэн дээ л юм. Сүүлийн үед монголын түүхийн ном их унших болсон.

 

-Ирээдүйд юуг хүсч мөрөөдөж байна вэ?

-Би тоо бодох дуртай. Агент байхдаа төсөл дээр ажиллах хугацаандаа захирлуудтай нь маш сайн ойлголцдог байсан. Барилгын компанийн захирлууд тоон дотор явж байдаг хүмүүс. Тэр хүмүүстэй тоо, ашиг, ирээдүйн үнэ цэнийн төсөөлөл ярихаар нэг л мэдэхэд маш сайн ойлголцчихдог. Харилцаан дээр итгэл үүсдэг. Тиймээс ойлголцож чадвал итгэлцэл төрнө. Итгэлцэл төрвөл үр дүнд хүрнэ. Барилгын компанийн захирлууд худалдан авагч олдохгүй байна. Чи судлаач өгөөч гэдэг хүсэлт тавьдаг. Би судалгаагаа эхлүүлсэн л бол орондоо орсон ч бодоод л байдаг. Чанартай зүйл хийх гэсэндээ л тэр .Энэ бол Япон школ. Цаашид Япончуудтай хамтарч хувь нийлүүлсэн компани байгуулах бодолтой.

-Савааагүй асуулт. Та гэр бүлтэй юу?

-Ажил, ажил гэж явсаар хараахан гэр бүлтэй болж амжаагүй л явна /инээв/.

-Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

Баярлалаа, таны  ажилд амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.