Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын Үндэсний фронт" хөдөлгөөний тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг томилжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

"Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус хөдөлгөөнөөс энэ сарын 8-ны өдөр "Эх орон дуудаж байна" жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан бол маргааш өдөр нь болсон удирдах зөвлөлийн хурлын үеэр тэргүүн, генерал Б.Баярмагнай нь фронтоос гарахаа мэдэгдсэн байна.

Мөн өөрийн фэйсбүүк хуудастаа энэ талаараа бичиж, тус фронтод нэгдээд байсан хошууч генерал З.Болдбаатар бас "Үзэл бодол нэгдэхгүй байна" гэх шалтгаанаар фронтоос гарч байгаагаа мэдэгджээ.

Тиймээс "Монголын Үндэсний фронт" хөдөлгөөний удирдах зөвлөл энэ сарын 11-нд хуралдаж, Б.Баярмагнай, З.Болдбаатар нарыг хөөх болон шинэ тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг томилох шийдвэр гаргасан байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Монголын Үндэсний фронт" хөдөлгөөний тэргүүн Ш.Гантулга "Монгол Улсыг сөнөөж байгаа авлигач, "60 тэрбум"-ын болон "ЖДҮ"-ийн хэрэгтнүүдтэй тэмцэж, тэднийг Засгийн газрын ордноос хөөн гаргахын төлөө цорын ганц зорилгыг өвөрлөн "Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнийг байгуулсан. Фронт бол дайсантай хамгийн түрүүнд нүүр тулах цэг юм. Дайсантай нүүр тулахаас айсан хүмүүс гарч явлаа гээд хагарал гарлаа гэж хэлж болохгүй. Харин ч үнэнч шударга, зоригтой хүмүүс үлдлээ гэж ойлгох ёстой юм.

"Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнөөс зохион байгуулах дараагийн жагсаал арваннэгдүгээр сарын 15-нд зохион байгуулагдана. Улс орноо гэсэн сэтгэлтэй хэн бүхэн тэр жагсаалд ирээрэй" хэмээн хэллээ.