Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын нэртэй түүхч найз эмэгтэйгээ зэрлэгээр хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Олег Соколов 2005 онд болсон түүхийн арга хэмжээний үеэр

Өчигдөр буюу Бямба гарагийн өглөө ОХУ-ын Санкт Петербург хотын дундуур урсдаг Мойка голын усанд 60 орчим насны эрэгтэй хүн унасан тухай дуудлага ирж, онцгой байдлын газрын ажилтнууд аварсан байна.

Гэтэл түүний үүргэвчинд эмэгтэй хүний тасдсан хоёр гар байсан нь илэрч хүмүүсийг цочроожээ. Цагдаа нар эрэгтэйг хүн амины хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн байна.

Сэжигтний нэрийг албан ёсоор зарлаагүй ч хэвлэлүүдийн олж тогтоосноор Оросын нэртэй түүхч, 63 настай Олег Соколов баривчлагдсан бололтой.

Тэрээр Францын байлдан дагуулагч Наполеон Бонапартын түүхийг судалдаг хүн бөгөөд Санкт Петербургийн их сургуульд профессороор ажилладаг юм.

Соколов судалгааны ажлаа үнэлүүлж 2003 онд Францын ерөнхийлөгч Жак Ширакаас Хүндэт Легионы одон гардан авч байжээ.

Тэрээр өөрийн шавь, төгсөх ангийн оюутан 24 настай эмэгтэйтэй дотно харилцаатай болж, зарим судалгааны бүтээлүүдээ хамтран туурвиж байсан гэдэг. Краснодарын хязгаарын уугуул оюутан бүсгүй хардалтын улмаас профессорт алагдсан гэж цагдаа нар урьдчилсан байдлаар дүгнэжээ.

Мойка голоос холгүй орших профессорын гэрээс эмэгтэй хүний мөчилсөн цогцос, цустай гар хөрөө зэрэг баримтууд олдсон тухай хэвлэлүүд мэдээлсэн байна. Соколов найз бүсгүйгээ алсны дараа согтуу явж байгаад голын усанд унасан гэж мөрдөгчид дүгнэжээ.

 

Эх сурвалж: Russia Today