Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Google компани Fitbit-ийг худалдаж авах болсноо зарлав

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Google компани зүүдэг төхөөрөмж үйлдвэрлэгч Fitbit компанийн хувьцааг $2.1 тэрбумаар худалдаж авах болсныг өчигдөр зарлажээ.

Ингэснээр интернэтийн аварга компани Google сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа “wearable technology” салбарт орж ирж байна.

Одоогоор энэ салбарт Apple компани хамгийн том тоглогч болоод байгаа. Өнгөрсөн улиралд тус компанийн Apple Watch, AirPods тэргүүтэй зүүдэг төхөөрөмжийн бизнесийн орлого 54 хувиар өсөж, $6.5 тэрбумын хэмжээнд хүрсэн юм.

Харин Google компанийн хувьд Wear OS, Google Fit зэрэг програм хангамжийн платформуудыг хөгжүүлж байсан ч төхөөрөмжийн зах зээлд хөл тавиагүй байв.

Одоогоор тус компани Fitbit-ийн брэнд бүтээгдэхүүнүүдийг үргэлжлүүлэх, эсвэл шинэчилж гаргах эсэх нь тодорхойгүй байна.

Засгийн газраас зөвшөөрөл авсны дараа Fitbit-ийг худалдаж авах наймаа 2020 онд хаагдах ажээ.

Google компани сүүлийн жилүүдэд хэрэглэгчийн хувийн мэдээллийг янз бүрийн зорилгоор ашигладаг гэсэн шүүмжлэлтэй тулгарч байгаа.

Тиймээс Fitbit-ийн хэрэглэгчдийн эрүүл мэнд, амьдралын хэмнэлийг агуулсан мэдээлэл Google компанийн гарт орох нь гэсэн болгоомжлол яригдаж эхэлжээ.

Энэ талаар Google-ийн төхөөрөмж хариуцсан дэд ерөнхийлөгч Рик Остерлох “бид хэзээ ч хувийн мэдээллийг бусдад худалдахгүй, Fitbit-ийн цуглуулсан мэдээлэл зар сурталчилгааны зорилгоор ашиглагдахгүй” гэж амласан байна.

“Бид Fitbit-ийн хэрэглэгчдэд хувийн мэдээллээ устгах, эсвэл шилжүүлж авах сонголтыг өгөх болно” гэж тэр мэдэгджээ.

Fitbit компани өнгөрсөн хугацаанд 100 гаруй сая ухаалаг цаг болон бусад эрүүл мэндийн хяналтын зүүдэг төхөөрөмжүүдийг $100-$200 орчим үнээр борлуулаад байгаа.

Гэсэн хэдий ч тус компанийн санхүүгийн үзүүлэлт сайнгүй байгаа юм. 2018 онд Fitbit $1.8 тэрбумын орлого олсон нь жилийн өмнөхөөс 6 хувиар буурсан үзүүлэлт байжээ. Мөн тухайн онд $186 саяын алдагдалтай ажилласан юм.

2015 оны зун IPO хийсэн Fitbit-ийн хувьцааны үнэ 2016 оны эхээр тавин хувь хүртлээ унаад байв.

Тиймээс Google компани худалдаж авснаар Fitbit-ийн өрсөлдөх чадвар сайжирна гэсэн хүлээлт үүсээд байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

Зураг
13 | 16 | 17 цаг