Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Эрик Зусман: Агаарын бохирдлыг ганцхан шийдлээр бууруулж чадахгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 30
iKon.MN
 

Азийн хот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах шинжлэх ухаан, бодлогын хэлэлцүүлэг өчигдрөөс эхэлсэн билээ.

Азийн бүс нутгийн хөгжиж буй орнуудын тав хүртэлх насны хүүхдүүдийн бараг 99 хувь нь PM 2.5 нарийн ширхэгт тоосонцрын жилийн дундаж агууламж ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн хэмжээнээс өндөр орчинд амьдарч байгаа аж. 

Амьдарлын эхэн үедээ ийнхүү агаарын бохирдолд өртөх нь хүүхдийн тархины үйл ажиллагаа саатах, анхаарал төвлөрөх чадвар сулрах, зан төлөв өөрчлөгдөх, улмаар оюуны хөгжил, боловсрол эзэмших чадвар буурах магадлалтай гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн тайланд дурджээ.

Мөн "Бага, дунд орлоготой улс орнуудад тав хүртэлх насны хүүхдийн дундах амьсгалын доод замын цочмог халдварын тохиолдлын 50-иас илүү хувь нь агаарын бохирдлоос шалтгаалж байна.

Учир нь хүүхэд намхан учир ихэнх цагийг бохирдуулагч бодис ихээр хуримтлагддаг газар, шаланд ойр өнгөрүүлдэг. Мөн тэд насанд хүрэгчидтэй харьцуулахад илүү хурдан амьсгалдаг тул ийнхүү амьсгалах бүрт агаарын хамт бохирдуулагч бодис их хэмжээгээр биед нь нэвтэрч байдаг" хэмээн БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Юн Чул Хонг хэлэлцүүлэгийн үеэр тавьсан илтгэлдээ өгүүлсэн юм.

Түүнчлэн агаар цэвэршүүлэгч хэрэглэсэн болон хэрэглээгүй жирэмсэн эхчүүдээс төрсөн хүүхэд жингийн хувьд 84 граммын ялгаатай байсан талаар Канад улсын эрдэмтэн Раян Аллен өөрийн хийсэн судалгаанд үндэслэн ярьж байлаа.

Агаарын бохирдолтод бага насандаа удаан хугацаагаар өртвөл 10-20 жилийн дараа архаг хууч өвчтэй насанд хүрэгчдийн тоо нэмэгдэх сөрөг үр дагавартай

Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн О.Оюун-Эрдэнэ “Жирэмсэн эхчүүд болон ахмад настан, бага насны хүүхдүүд Агаарын бохирдолд илүү өртөмхий байдаг.

Ялангуяа бага насны хүүхдийн уушгины үйл ажиллагаа бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг учраас илүү эмзэг.

Хэрэв агаарын бохирдолд бага насны хүүхэд удаан хугацаагаар өртвөл 10-20 жилийн дараа архаг хууч өвчтэй насанд хүрэгчдийн тоо нэмэгдэх ч сөрөг үр дагавартай.Тиймээс тэднийг гадаад болон дотоод орчинд агаарын бохирдолд өртүүлэхгүй байх асуудал хамгийн чухал нь болоод буй юм” гэлээ.

Мөн дотоод орчны агаарын бохирдлыг бууруулахын тулд айл өрх чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, боломжтой бол агаар цэвэршүүлэгч ажиллуулах хэрэгтэй. Харин улс орноос хэрэгжүүлж байгаа бодлогуудыг дэмжиж, галлагааны эх үүсвэрийг солин түүхий нүүрс түлэхгүй байх зэрэг нь гадаад орчны агаарын бохирдлыг бууруулах улмаар өөрийн эрүүл мэндийг хамгаалахад маш том хөрөнгө оруулалт гэдгийг О.Оюун-Эрдэнэ нэмж хэлсэн юм.

Агаарт богино хугацаагаар оршдог хар нүүрстөрөгч бодис нь уур амьсгалын өөрчлөлт болон агаарын бохирдолд аль алинд нь нөлөөлдөг

 
Гэрэл зургийг Mpa.mn

​Агаарын бохирдлыг бууруулах тал дээр Уур амьсгалын өөрчлөлт ба хөгжлийн академийн доктор Д.Дагвадорж “Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн эрүүл мэндийн асуудал нь хоорондоо уялдаатай асуудал.

Учир нь эдгээр нь бараг нэг эх үүсвэртэй. Тиймээс агаарын бохирдлыг багасгах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг харилцан уялдаатай хэрэгжүүлэх шаардлагатай" хэмээн илтгэв.

Энэ тухай тэрбээр, "Агаарт богино хугацаагаар оршдог ч уур амьсгалд нөлөөлдөг хар нүүрстөрөгч гэх мэт бодис уур амьсгалын өөрчлөлт болон агаарын бохирдолд аль алинд нь нөлөөлдөг.

Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд оруулах Монгол Улсын үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) баримт бичгийг шинэчлэн боловсруулах ажил одоо хийгдэж байна.

Энэхүү NDC баримт бичигт тусгагдсан арга хэмжээ нь зөвхөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулаад зогсохгүй агаарын бохирдлыг бууруулах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад тодорхой хувь нэмэр оруулна.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийн зорилт амжилттай хэрэгжиж, агаарын бохирдол буурсанаар нялхсын эндэгдлийг нэг сая гаруйгаар бууруулна гэж тооцож байна.

Мөн хүлэмжийн хий болон агаар бохирдуулагчдын ялгарлын хэмжээг нэгдсэн байдлаар үнэлэх, тэдгээрийн нийгэм, эдийн засгийн давхар үр нөлөөг үнэлэх судалгааны ажлыг цаашид өргөжүүлж, бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлэх шаардлагатай" гэдгийг дүгнэн хэлж байлаа.

Дэлхийн 100 гаруй эрдэмтэн, судлаачдын агаарын бохирдлыг бууруулах 25 шилдэг шийдлийг хэрэгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлтөд сайнаар нөлөөлнө

 

Харин Даян дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэн, Тогтвортой засаглал төвийн судалгааны захирал Эрик Зусман “Монголын агаарын бохирдол миний төсөөлж байснаас харьцангуй гайгүй байна. Энэ нь цаг агаарын байдал нь өнгөрсөн жилээс дулаан байгаа болон Улаанбаатар хотынхон сайжруулсан түлш хэрэглэж байгаатай холбоотой гэж би сонссон.

Гэлээ ч цаашид мэдээж агаарын чанарыг сайжруулах шаардлага бий. Манай байгууллага дэлхийн 100 гаруй эрдэмтэн судлаачидтай хамтран агаарын бохирдлыг бууруулах 25 шилдэг шийдлийг гаргаж ирснийг би илтгэлдээ танилцуулах болно.

Эдгээр шийдлийг хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг бууруулах бүрэн боломжтойгоос гадна уур амьсгалын өөрчлөлтөд сайнаар нөлөөлнө гэж бодож байна. Агаарын бохирдлыг бид ганцхан шийдлээр бууруулж чадахгүй бөгөөд бохирдлыг бууруулахын тулд маш олон шийдлийг зэрэг хэрэгжүүлэх хэрэгтэй" гэв.

Түүний илтэлд тавигдсан "Агаарын бохирдлын бууруулахад чиглэгдсэн 25 шилдэг шийдлээс:

  1. Цахилгаан станцууд, томоохон үйлдвэрүүдэд хүхрийн давхар исэл, азотын исэл, тоосонцорын ялгарлыг бууруулах хамгийн сүүлийн үеийн аргыг нэвтрүүлэх
  2. Үйлдвэрүүдэд ялгарлын дэвшилтэт стандартыг нэвтрүүлэх
  3. Бүх ялгарлын стандартыг бэхжүүлэх; Ялангуяа хөнгөн, хүнд даацын дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг зохицуулахад анхаарал хандуулах
  4. Тээврийн хэрэгслийн үзлэг, засварыг заавал биелүүлэх
  5. Барилга байгууламж ба замын тоосыг дарах; ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
  6. ХАА-ны хог хаягдлын менежмент хийж, ил задгай шатаахыг хатуу хориглох
  7. Ахуйн хог хаягдлыг ил задгай шатаахыг хатуу хориглох
  8. Ой, газар болон усны менежментийг сайжруулах, гол түймрийн аюулаас сэргийлэх стратегитай байж урьдчилан сэргийлэх
  9. Бууцыг хадгалах, агааргүйтэн шавж зэрэг үр ашигтай аргыг нэвтрүүлэх
  10. Үр ашигтай хэрэглээг бий болгох; шээсний хүчилд шээсний хүчлийг дарангуйлагч ба эсвэл орлуулагчийг ашиглана. Жишээлбэл, аммоний нитрат
  11. Үр ашгийг нэмэгдүүлж, ялгарлын стандартыг нэвтрүүлэх
  12. Хүхэр багатай түлшний хэрэглээг шаардах ба тоосонцорын ялгарлын хяналт
  13. Бага уусгагчтай будгийг аж үйлдвэр болон хувийн хэрэгцээнд нэвтрүүлэх
  14. Цэвэр түлш хэрэглэх – Хотуудад цахилгаан, байгалийн хий, шингэрүүлсэн хий мөн хөдөөд шингэрүүлсэн хийн түлш, халаалтын зуух хэрэглэх; түүхий нүүрсийг шахмал түлшээр орлуулах
  15. Салхи, нар болон усаар цахилгаан гаргах хэрэгслийг дэмжин урамшуулах, хамгийн бага, үр ашигтай цахилгаан станцыг өргөжүүлэхэд түлхэц өгөх
  16. Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, барилга байгууламж, гэрэлтүүлэг, халаалт, хөргөлтийн эрчим хүчний үр ашгийг сайжруулах урамшууллыг ашиглах
  17. Үйлдвэрлэлийн салбарт эрчим хүчний хэмнэлттэй амбицтай стандартыг нэвтрүүлэх
  18. Цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглахыг сурталчлах
  19. Хувийн тээврийн хэрэгслээс нийтийн тээвэрт шилжихийг дэмжих
  20. Хог хаягдал цуглуулах төвлөрсөн байгууламжийг тусгаарлах, цэвэрлэхдээ хийн түлш ашиглахыг дэмжих 
  21. Био хийг сэргээх замаар хоёр үе шаттай сайн зохион байгуулалттай боловсруулалтыг нэвтрүүлэх
  22. Нүүрсний уурхайн хийн олборлолтын өмнөх нөхөн сэргээлтийг дэмжих
  23. Нефтийн хийг сэргээх ажлыг дэмжих; ердийн шатаах ажиллагааг зогсоох;
  24. Нефтийн эвчилтийн хяналтыг сайжруулах
  25. Кигалийн нэмэлт өөрчлөлтийг бүрэн дагаж мөрдөх зэрэг болно.

Тэрбээр, "Дээрх шийдлүүдийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын агентлагууд болон Төрийн бус байгууллага хоорондын уялдаа холбоог хангах сайн засаглалын зохицуулалт шаардагдахаас гадна улс төрийн хөшүүргүүд чухал байх болно" гэж дүгнэн хэлсэн юм.

 

Азийн 150 гаруй эрдэмтэн судлаач, мэргэжилтэн, бодлого тодорхойлогч болон хувийн хэвшлийнхэн чуулж, тус бүс нутагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөр, сайн туршлагаас хуваалцан санал солилцож байна.

Гэрэл зургийг Mpa.mn