Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Шударга ёсыг бэхжүүлэх нь" хөтөлбөрт ЕБС-ийн 12,000 сурагч оролцжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Шударга ёсыг бэхжүүлэх нь” хөтөлбөр энэ хичээлийн жилийн нэгдүгээр улиралд хэрэгжсэнээр өнөөдөр хаалтаа хийв.

Дээрх хөтөлбөр нь тэгш ёс, шударга ёсны зарчим, шударга ба шударга бус байдлын учир шалтгаан, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар ойлголт, мэдлэг олгох зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг оролцуулжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Ийнхүү төгсөх ангийн сурагчдад шударга ёсыг төлөвшүүлэх, бэхжүүлэх хичээл орж буй нь хүүхдийн шударга байдлын үнэлгээ буурах хандлагатай байгаатай холбоотой аж.

Хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Б.Батжаргал “Энэхүү хөтөлбөр гурав дах жилдээ хэрэгжиж байна. Азийн сангаас 2016 онд манай улсын боловсролын салбар дахь авлигын талаар судалгаа хийж байв. Үүгээр энэ авлигын хэмжээ нь жижиг ч маш олон тохиолддог нь ажиглагдсан. Түүнчлэн АТГ-аас хүүхдийн шударга байдлын үнэлгээг жил бүр үнэлэхэд буурсаар байна. Тиймээс энэ тал дээр анхааран, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна” хэмээлээ. 

Өнгөрсөн хичээлийн жилд 6,000 гаруй сурагчид шударга ёсыг бэхжүүлэх агуулгатай хичээл орсон бол энэ жил цар хүрээ нь нэмэгдэж, 12,000 хүүхэд уг хичээлийг үзжээ. Ингэснээр гурван жилийн хугацаанд нийт 20 гаруй мянган хүүхдэд шударга бус байдлын учир шалтгаан, авлига, ашиг сонирхын зөрчил гэж юу болох талаар хичээлд оролцуулсан байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хичээлийн онцлог нь сурагчдын оролцоонд суурилдаг тул сурагчид илүү сайн ойлгон, эргэн тойрондоо түгээх зэрэг сайн талтайгаас гадна багшийн заах арга зүйд ч эергээр нөлөөлж буйг нийслэлийн Боловсролын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга С.Ганчимэг хаалтын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. 

"Шударга ёсыг бэхжүүлэх нь" хөтөлбөрийг Канадын засгийн газрын дэмжлэгтэйгээр Азийн сан, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Боловсролын газар, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг хамтран хэрэгжүүлсэн бөгөөд үйл ажиллагааны хүрээнд 28 сургагч багшийг бэлтгэж, тэдгээр багшаар дамжуулан нийслэлийн 184 сургуулийн 426 ахлах ангийн багш нарыг сурган чадавхжуулжээ.