Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосыг дэмжигч оюутнууд Сөүл дэх АНУ-ын элчингийн байр руу нэвтэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Умард Солонгосыг дэмжигч 20 орчим оюутан Сөүл хот дахь АНУ-ын элчин сайдын байр руу хууль бусаар нэвтэрч, эсэргүүцэл илэрхийлжээ.

Тэд элчин сайдын байрны хашааг шат хэрэглэн даваад элчин сайд Харри Харрисыг улс орноосоо явахыг шаардсан зурагт хуудаснууд барьж зогссон байна.

Тус улсад байрладаг Америкийн цэргийн баазын зардлыг хуваалцахыг Өмнөд Солонгосын засгийн газраас Вашингтоны захиргаа шаардах болсон нь ийм эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахад хүргэсэн гэнэ.

Одоо Өмнөд Солонгост АНУ-ын 28,500 цэрэг байрладаг.

Оюутнууд “Харрис! Манай нутгаас яв!”, “Манай дотоод хэрэгт бүү оролц”, “Бидэнд АНУ-ын цэрэг хэрэггүй” зэрэг үгтэй уриа бүхий зурагт хуудас барьж зогссон байна.

Цагдаа нар 17 оюутныг баривчилж, АНУ-ын элчингийн байрны харуул хамгаалалтыг нэмэгдүүлжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард бүлэг оюутнууд бас элчингийн байр руу нэвтрэхийг оролдож байв.

АНУ-ын төрийн департментын мэдэгдэлд “Сөүл дэх элчин сайдын яам руу нэвтрэх гэсэн хоёр дахь оролдлого богино хугацаанд дахин гарсанд бид санаа зовж байна. Манай дипломат төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээгээ чангатгахыг бид БНСУ-ын талаас шаардаж байна” гэжээ.

Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Гадаадын дипломат төлөөлөгчийн газарт хор хохирол учруулах ямар ч оролдлогыг зөвтгөх аргагүй. Засгийн газар дахин ийм явдал гаргуулахгүйн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” гэсэн байна.

Тус улс дахь АНУ-ын цэргийн баазын өнгөрсөн оны зардал $1.25 тэрбум хүрсний 40 орчим хувийг Өмнөд Солонгосын тал төлсөн гэсэн албаны тоо бий.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн хоёрдугаар сард засгийн газрын хуралдаан дээрээ хэлэхдээ нийт зардал жилд $5 тэрбум болдог, үүнээс дөнгөж $500 саяыг Өмнөд Солонгосын тал гаргадаг хэмээн шүүмжилж байжээ.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
13 | 7 | 7 цаг