Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС болон Камбожийн их сургууль оюутан солилцож, туршлага судлах боломж бүрдлээ

П.Сайнжаргал, IKON.MN
2019 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Камбожийн хаант улсын Mean Chey их сургууль болон МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль /ОУХНУС/ хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал туршлага солилцох төдийгүй оюутан солилцох, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах боломж нээгдэж байна. 

МУИС-ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч доктор, профессор Н.Бурмаа “Бид өнгөрсөн оны есдүгээр сард Камбожийн хаант улсын Banteay Meanchey мужийн Meanchey их сургууль дээр очиж, уулзсан. Улмаар хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар ярьж байсан бол өнөөдөр биеллээ олж, гэрээ байгууллаа. Хоёр улс хамтран ажиллах нь туршлага хуваалцах төвийгүй оюуны баялгийг хамтарч бүтээе, хамтарч суралцъя, хамтарч хөгжье гэсэн уриатай. Энэ ажлын хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, оюутан солилцох, магадгүй цаашлаад эрдэмтэн судлаачдыг харилцан солилцоход хамтран ажиллах эхний алхам хийж байна. Уг хамтын ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэхээс шалтгаалаад олон зүйл хамаарах юм. Тиймээс энэ тал дээр нарийн судалж, бодож, аль болох үр дүнтэй, инновацлаг ажил хийх талаар төлөвлөж байна” хэмээн ярилаа.   

Энэ үеэр МУИС-ийн ОУХНУС-ийн захирал, доктор профессор С. Баттулга энэхүү хамтын ажиллагаагаа улам хөгжиж, хоёр орны иргэд улам дотно, хамтран ажиллаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлсэн.

Ингээд Камбожийн хаант улсын Mean Chey их сургуулийн захирал доктор, професоор Sam Nga болон МУИС-ОУХНУС-ийн захирал С. Баттулга нар гарын үсэг зурж, хамтын ажиллагааны санамж бичгийг албан ёсоор байгууллаа. Энэ үеэр Mean Chey их сургуулийн захирал энэ хамтын ажиллагаа цаашид илүү хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа талаараа хэлсэн юм.

 

Камбожийн хаант улсын Banteay Mean Сhey мужийн Засаг даргын орлогч Ly Sary-ийн санаачилгаар ийнхүү хоёр сургуулийн хамтын ажиллагаа өргөжин тэлж буй аж. 

Учир нь тэрбээр энэхүү хамтын ажиллагааг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргасан гэдгийг МУИС-ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч доктор, профессор Н.Бурмаа онцолсон юм.