Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Германд Холокостын сүүлчийн гэм буруутныг шүүх хурал болно

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хоёрдугаар дайны үед Стутхоф хорих лагерийн харгалзагч байсан хүнийг шүүх хурал өнөөдөр Германы Хамбург хотод болох гэж байна.

Энэ нь Холокост буюу жүүд иргэдийг бөөнөөр устгах ажиллагаанд оролцсон хувь хүнийг шүүх сүүлчийн хурал байж магадгүй юм. 

Одоо 93 настай Бруно Дэй 17 настайдаа анх Нацист Германы үхлийн батальонд элсэж, өнөөдрийн Польш улсын Гданьск хотод оршиж байсан хорих лагерьт ажиллаж байжээ.

Тэрээр 1944 оны наймдугаар сараас 1945 оны дөрөвдүгээр сар хүртэл хугацаанд 5,230 хүнийг устгахад оролцсон гэгдэж байна.

Тэдгээрийн 5,000 нь хоол хүнс, ус, эмнэлгийн тусламжгүйгээс хоригдож байхдаа амь үрэгдсэн бол 200 нь Zyklon B хэмээх хорт утаанд, 30 нь хүзүүнд тулгаж буудах зориулалттай цаазлах төхөөрөмжөөр алагджээ.

1945 оны тавдугаар сарын 9-нд холбоотнуудын арми Стутхофыг чөлөөлөх хүртэл нийт 65,000 хоригдол амь үрэгдсэн бөгөөд тэдний үхэлд харгалзагчдын гүйцэтгэсэн үүрэг гол нөлөө үзүүлсэн гэдэг.

Хэдий өндөр насалсан ч Бруно Дэйг бие болон оюун санааны хувьд хариуцлага хүлээх чадвартай гэж Германы прокурор үзэж байна.

Тэрээр өөрийг нь олон мянган хүний үхэлд буруутгах ёсгүй, оронд нь хэн ч байсан ийм эмгэнэлт явдал болох байсан гэж мэдүүлжээ.

Нацист Германы хорих лагериудын дундаас жижигт тооцогддог Стутхофыг анх Польшийн олзлогдсон хүмүүсийг хориг зорилгоор байгуулж байв. Харин 1944 оноос хойш Балтийн орнууд, Унгараас ирсэн жүүд хүмүүсийг хорьж, устгахад түлхүү ашиглагддаг болжээ.

1944 оны сүүлээр Стутхофт хоригдож байсан хүмүүсийн 70 хувь нь жүүдүүд байсан гэдэг.

Өнөөдрийн шүүх хуралд Стутхофт хоригдож байсан 20 орчим хүн зарга мэдүүлэгчээр оролцох юм байна. Мөн АНУ, Израйль, Польшоос гэрчүүд ирж оролцохоор болжээ.

Германы хуулинд Нацистуудын аллагатай холбоотой хувь хүнийг тодорхой баримтгүй ч шийтгэх боломж нээснээр өнөөдрийн шүүх хурал болж байгаа юм. 2011 онд анх ийм зарчмаар Украин гаралтай Жон Демьянчукыг шүүж, ял оноосон байна. Тэрээр 1942 онд олзлогдсоныхоо дараа Нацистуудад үйлчилж, олон мянган хүний амийг бүрэлгэхэд оролцсон юм.

 

Эх сурвалж: The Guardian

 

Зураг
13 | 17 | 17 цаг