Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хагибис хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 66 хүрч, сураггүй бологсдыг хайх ажил үргэлжилж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Японы төв хэсгийг өнгөрсөн Бямба гарагт Хагибис нэртэй далайн хар салхи дайрснаас амиа алдсан хүмүүсийн тоо өнөөдрийн байдлаар 66 хүрээд байгааг албаныхан мэдээлжээ.

Цаана нь 15 хүн сураггүй болоод байгаа бөгөөд тэднийг эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Үүнээс гадна 200 гаруй хүн байгалийн аюулт үзэгдлийн улмаас бэртэж гэмтсэн юм.

Нийт 25 оршин суугчаа алдсан Фүкүшима муж хамгийн их хохирол амссан бүс нутаг болжээ. Фүкүшима мужийн нутагт 2011 оны цунамигийн улмаас осолдсон цөмийн цахилгаан станц оршдог.

Японы төв болон зүүн хэсгийн 133,000 айл өрх цэвэр усны хангамжгүй болсон бол 22,000 өрх гэрэл цахилгаангүй болсон байна.

Хагибис хар салхины хор хөнөөл эдийн засагт нь удаан хугацаанд нөлөөлөхөөр байгааг Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр парламентад мэдээлэл хийхдээ анхааруулжээ.

Сангийн сайд Асо Таро хохирлыг барагдуулахад төрийн сангаас 500 тэрбум иен ($4.6 тэрбум) гаргах болсон ба шаардлагатай бол мөнгө нэмж гаргахад бэлэн гэдгийг мэдэгдсэн байна.

Хар салхи Бямба гарагт Японы төв арлыг дайрч өнгөрсөн ч дараа нь үүссэн үер, хөрсний нуралтын гамшиг үргэлжилж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters