Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлбөмбөгийн түүхэнд хамгийн хачин тэмцээн өнөөдөр Пёньянд болно

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Мягмар гарагийн үдээс хойш урьд өмнө хэзээ ч болж байгаагүй сонин хөлбөмбөгийн тэмцээн Пёньян хотноо хоёр Солонгосын шигшээ багуудын хооронд болох гэж байна.

Хоёр Солонгосын багууд хамгийн сүүлд 1990 онд Пёньян хотод өрсөлдөж байжээ.

Энэ удаагийн тэмцээнийг ямар ч телевиз шууд дамжуулахгүй, Өмнөд Солонгосоос ганц ч хөгжөөн дэмжигч оролцохгүй, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хаалттай болохоороо онцлог.

Тэр ч байтугай Умард Солонгост байгаа гадаадын жуулчдад уг тэмцээнийг үзүүлэхгүй юм байна. Хоёр улсын шигшээ багууд өмнө нь хэд хэдэн удаа тоглож байсан ч үргэлж Өмнөд Солонгост, эсвэл өөр улсын нутагт өрсөлдөж байжээ. Хамгийн сүүлд 2010 оны ДАШТ-ий урьдчилсан тоглолтод таарахдаа тэд Шанхай хотноо өрсөлдөж байв.

Энэ удаа 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтын шатанд ийнхүү хоорондоо таарч байна. 

1953 онд гал зогсоох гэрээгээр завсарласан Солонгосын дайн албан ёсоор дуусаагүй тул Умард Солонгосын стадионд Өмнөд Солонгосын туг далбаа мандуулах, төрийн дуулал эгшиглүүлэхийг хориглох ажээ.

1990 онд Пёньянд болсон нөхөрсөг тоглолтод Умардын шигшээ Өмнөдийг 2:1 харьцаагаар буулгаж байсан юм.

Хэдий тийм ч Өмнөд Солонгосын шигшээ баг өрсөлдөгчөөсөө илүү чадвартайд тооцогддог. Өнөөдрийн FIFA-гийн чансаагаар Өмнөд Солонгос 37-д жагсаж байгаа бол Умард Солонгос 113 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Гэхдээ хоёр баг хоёул эхний хоёр тоглолтдоо ялж, хэсэгтээ тэргүүлцгээж байгаа.

Өмнөд Солонгосын од нь Тоттенхэмд тоглодог Сон Хюн Мин бол Умард Солонгост саяхан Ювентустай гэрээ байгуулсан Хан Кван Сон бий.

Хоёр Солонгос 2018 оны өвлийн олимпийн наадмаас хойш спортоор дамжуулан харилцаагаа сайжруулах алхмыг идэвхтэй хэрэгжүүлж байгаа.

Гэвч Америк-Умард Солонгосын цөмийн хэлэлцээ ахиц муутай байгаагаас энэ оноос эхлэн харилцаа буцаж муудаад байгаа юм. Үүний нэг илрэл нь Өмнөд Солонгосын тал өнөөдрийн тэмцээнийг үзүүлэхээр хөгжөөн дэмжигчдээ Пёньянд илгээх хүсэлт гаргасныг Умард Солонгосын эрх баригчид хүлээж аваагүй байна.

 

Эх сурвалж: BBC