Засгийн газраас угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргаад байгаа билээ. Ингэхдээ гаднаас хэдэн арван сая төгрөгөөр худалдаж оруулж ирэхээр ажиллаж байгаагаа Хотын дарга мэдэгдсэн.
Тэгвэл энэхүү төхөөрөмжийг монголдоо үйлдвэрлэх бүрэн боломж байгаа юм. ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд MQ-7 мэдрэгчийг ашиглан агаар дахь угаарын хийг хэмжин зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан тохиолдолд дохио өгдөг хэмжилтийн туршилтын загварыг зохион бүтээгээд байна.
Түлш дутуу шаталтын үед угаарын хий CO үүсгэдэг. Энэ хий нь өнгө, үнэргүй учраас хүнд мэдрэгдэхгүй тул хүмүүс угаартаж амь насаа алдах хүртэл аюул учирч байна. Тиймээс угаарын хийн хэмжээг хэмжих, аюулыг урдчилан мэдэхийн тулд тусгай мэдрэгч багаж ашиглах шаардлагатай.
Хэрвээ төр засгаас дэмжлэг үзүүлбэл энэхүү төхөөрөмжийг заавал гаднаас оруулж ирэх бус монголдоо үйлдвэрлэх бүрэн боломжтой гэдгийг эрдэмтэд хэлж байна.
Эх сурвалж: ШУА