Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Сарантуяа: Шулсан яс, нохойн хоол зараад хорин таван жил болж байна

Т.Туяацэцэг, Үндэсний шуудан
2019 оны 10 сарын 15
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хүйтний ам наашилж байгаа энэ үед айлууд дор бүрнээ өвлийн бэлтгэлээ базааж байгаа нь лавтай.

Энэ өдрүүдэд түлээ түлш, гэрийн дулаалга, дулаан хувцас, идэж уухаас эхлээд өрхүүдийн хэрэглээний зардал эрс өсдөг. Эрвийх дэрвийхээрээ ажиллаж өвлийн бэлтгэлээ хангадаг ч олсон хэдэн төгрөг нь амьдралд нь хүрэлцдэггүй олон хүн бий.

Зээлээс зээл дамжиж амьдарч байгаа айл нийслэлд олон. Ийм өрхүүд хөгжиж, дээшлэхээс илүү хоногийн хоолны асуудалд бүхнээ зориулдаг. Тиймээс улс төр, урлаг соёл, хөгжил дэвшил, төрийн бодлого, нийгмийн бүх шатны асуудал ийм хүмүүст ямар ч хамаагүй бөгөөд зөвхөн талхны мөнгө л олъё гэсэн ганц хүсэлтэй. Цаг агаар хасах хэм рүү орсон энэ үед нийгмийн эмзэг бүлэг гэгддэг иргэдийн төлөөлөл болсон Н.Сарантуяагийн нэг өдрийн ажлын орчин, нөхцөлийг сурвалжиллаа.

Бидний нэрлэж заншсанаар Долоон буудлаас энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ. Энд их хотын амьдралын нэгээхэн хэсэг буцалдаг. Автобусны буудал дээр буухад л иргэдийн байгаа байдал нүдний урдуур элбэгхэн харагдана.

Автобус хүлээн нааш, цааш холхих хүмүүсийн голд шугамын таксичид хашхиралдана. Яагаад шугамынх юм гэж үү. Тэд үргэлж Сэлэх, Санзай, Дарь-Эх чиглэлд хүн зөөдөг учраас шугамын таксичид гэх дундын ганц нэршилтэй.

Ганц энэ ч биш ногоо аваарай, өрөм аваарай, нохойн хоол аваарай гэсэн өөр өөр чиглэлийн “бизнес”-тэй хүмүүс ч олон. Энэ л хүмүүсийн дотроос саравчтай нимгэн малгай өмсөж, энгэр нь задгай хар хүрэм өмссөн эмэгтэйн “бизнес” анхаарал татна. Энэ хүн бол шулсан яс зардаг Н.Сарантуяа юм. Тэрбээр дэргэдүүр нь өнгөрөх машинуудыг “Одоо яваарай, урд машин зогсчихлоо, алив наад машин чинь гарах гэж байгаа юм биш үү.

Бие биеэ хүлээж байгаад зам чөлөөлөөд гарч болдоггүй юм уу гэх зэргээр амандаа үглэж тэрүүхэн хэсэгт хөдөлгөөн зохицуулагчийн үүрэгтэй суух юм. Долоон буудалд улирал хамаарахгүй бүтэн жилийн турш гадаа наймаа эрхэлж амьдралаа авч явдаг арав гаруй хүн байдгийн нэг нь энэ бүсгүй гэдгийг Долоон буудлынхан анддаггүй мэднэ гэсэн. Тэрбээр яг энэ хэсэгт нохойн хоол зараад 25 жилийг ардаа үджээ.

Амьдралаа үүрч яваа ээжүүдийн нэгээхэн төлөөлөл болсон түүнтэй уншигч таныг уулзуулъя. Сарантуяа эгчтэй хажуугаар нь зөрж өнгөрөх хүн бүр мэнд мэдэж, ажлыг нь асуусаар явцгаах юм. Жилийн дөрвөн улирал, долоо хоногийн нэг ч өдөр амардаггүй тэрбээр идэх талхны мөнгөө ингэж олдог байх юм. Түүний ажил 10:00 цагаас үдшийн бүрий тасартал үргэлжилдэг гэнэ. Тэгэхээс ч өөр аргагүй гэлээ.

Н.Сарантуяа эгч ам бүл дөрвүүлээ амьдардаг бөгөөд ганцаараа ажил хийж хоолоо залгуулдаг байна. Хоёр хүү нь насанд хүрсэн ч хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй учир ажил, хөдөлмөр хийх боломжгүй гэнэ. Н.Сарантуяа эгчийн нехөр нь хоёр хүүгээ асарч гэртээ суудаг бөгөөд тэд хоёул өөр өөрсдийн ухамсарт бүхий л амьдарлаа хүүхдүүдийнхээ төлөө зориулж яваа аж. Эгч нь “Хүчит шонхор” зах дээр мах зардаг танилаасаа нохойн хоол авч зардаг.

Шулсан яс, элэг, уушги гэх мэт дайвар бүтээгдэхүүнийг савлаад нэг уутыг нь 1,000-1,500 төгрөгөөр борлуулдаг. Яах вэ, хоосон хонохгүй болоод л байдаг юм. Нэг өдөр л ажиллахгүй бол хоолгүй хононо. Хэдий нохойн хоол нэртэй ч үүгээр хоногийн хоолоо аргацааж амьдардаг өрх айлууд бий. Нэг их гайхах зүйлгүй. Амьдрал ийм л байна” хэмээн инээмсэглэв. Түүний өдрийн орлого нь дунджаар 30 мянган төгрөг гэнэ.

Заримдаа тав, арван мянгатай буух үе бий ч шантарч байгаагүй гэдгээ хэллээ. Н.Сарантуяа эгчийг тайван суулгадаггүй хэсэг бүлэг хүмүүсийн эхэнд тэр орчмыг хариуцдаг цагдаа нар багтаж байна. Байсхийгээд л шалгалт хэмээн торгоод явдаг гэнэ.

“Арай гэж олсон хэдэн төгрөгөөсөө тав арвыг нь өгчихөөр хэцүүддэг юм аа, гэхдээ миний дүү цагдаа нарыг буруутгаж болохгүй. Хаа хаанаа л ажлаа хийж яваа улс юм даа. Заримдаа арга эвийг нь олно оо” гэсээр суух түүн шиг амьдралын бүхий л ачааг нуруундаа үүрдэг хүүхнүүд тэнд олон гэсэн.

Н.Сарантуяа "Нэг айл өрхийн дундаж орлого сая хоёр зуун мянган төгрөг боллоо гээд л зурагт, радиогоор ярих юм. Яг ийм цалин авдаг хүн байдаг үгүйг мэдэхгүй. Манай энэ хавьд ийм мөнгө авдаг хүн байхгүй.

Миний хувьд ийм орлоготой хүнийг мэдэхгүй. Эгчийнх нь хувьд орлого гэх юм бараг байхгүй. Халамжийн 174 мянган төгрөг болон нохойн хоолныхоо орлогоор л амьдарч байна. Монгол Улс хөгжиж байна. Эдийн засаг өслөө гэх юм бидний амьдрал дээшилсэн юм алга.

Хоосон хонохгүй бахь байдгаараа өдий хүрлээ. Хүйтний ам наашилж байгаа энэ үед өвлийн бэлтгэлээ хангах нь толгойн өвчин болоод байна. Олж байгаа хэдэн төгрөгөө яаж хүргэдэг юм байгаа юм” хэмээн санаагаа чилээж суугаа түүнийг хараад эрхгүй өрөвдөв.

“Та хүйтэн цемент дээр 25 жил суужээ. Бөөр өвдөхөөс эхлээд хэцүү. Өөрийн эрүүл мэндээ бас бодож байх хэрэгтэй” гэтэл “Өө, эгч нь эмнэлгийн хаалгыг нэг ч удаа биеэ үзүүлэхээр татаж байгаагүй. Хоёр хүүхдээ үзүүлье гэж л очдог. Үе үе даралт өсдөг ч эм уугаад аль болох өвчнөө мартахыг хичээдэг” гэв.

Халуунд халж, хүйтэнд хөрж эрүүл мэндээ ардаа хаясаар өдрийн холоо болгож өдийг хүртэл хэнд ч гомдохгүй амьдарсаар яваа иргэдийн төлөөлөл хэмээн өөрийгөө хэлсэн. Тэрбээр мөн “Төрөөс нэн ядуу болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асардаг аав ээжүүдэд чиглэсэн бодит бодлого алга.

Хэдийгээр би хэлж байгаа ч над шиг амьдралтай мянга мянган аав, ээж бий. Улсын эдийн засаг өслөө, айл өрхийн орлого нэмэгдлээ гэдэг бол зөвхөн нийт массаас “ургасан” тоо болов уу” хэмээн бяцхан улс төржив. Түүнд энэ мэт улс төрийн бодлого, иргэдийн оролцоо, нийгмийн асуудлаар яриад байх боломж бололцоо ч байдаггүй гэв. Н.Сарантуяа эгчийн дэргэд хоёр цаг орчим болоход л ямархан хүнд нөхцөлд таваг хоолны мөнгө олдгийг ойлгов.

Хоёр цагт гурван тор “хоол” зарсан түүнтэй багахан хугацаанд бум бужигнасан түм түчигнэсэн Долоон буудлын автобусны буудал дээр хөөрөлдсөнөө сийрүүллээ. Талх таллаж авдаг өрх айл бий, нохойн хоол хэмээн цамаан зан гаргаж голсон элэг уушгиар хэдэн борчуудынхаа өлийг дардаг зуу зуун айлууд Н.Сарантуяа эгчийн байнгын үйлчлүүлэгчид гэсэн шүү.

Ийм л өрх айлуудад төрийн хайр, хишиг хэрэгтэй байгааг Долоон буудал орчимд хоёр цаг болоход л хангалттай ойлголоо.

Зураг