Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн өндөр настай үсчин 108 насандаа таалал төгсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн өндөр настай үсчинд тооцогддог байсан Нью Йорк хотын иргэн Энтони Манчинелли өнгөрсөн долоо хоногт 108 насандаа таалал төгсжээ.

Тэрээр сүүлийн 96 жил хүмүүсийн үсийг засаж байгаа бөгөөд дунд нь ганц ч удаа ажлаа тасалдуулаагүй, тэтгэвэртээ гараагүй юм байна.

Манчинелли эрүүний хорт хавдраар нас барсан тухай түүний хүү Роберт мэдээлжээ.

Найман настайдаа АНУ-д цагаачилж ирсэн Манчинелли 2018 онд дэлхийн хамгийн өндөр настай үсчинд өргөмжлөгдөж, Гиннесийн дээд амжилтын номонд бичигдэж байв.

Цагаач эцэг эхдээ туслахын тулд хүү 12 наснаасаа эхлэн үс зассан байна. Манчинелли Ньюбургийн сургуульд элссэн ч төгсөөгүй хаясан юм. Энэ оны хоёрдугаар сард хорт хавдартайгаа мэдэх хүртлээ тэр эрүүл саруул ажлаа хийдэг байсныг хүү нь ярьжээ.

1923 онд үс засаж эхлэхдээ Манчинелли нэг хүнээс 25 центийг ажлын хөлсөнд авдаг байжээ. Харин амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд тэрээр нэг үс засалтаас $19 авдаг болсон байна.

Манчинеллигийн ажиллаж байсан “Fantastic Cuts” үсчний газрын эзэн талийгаачийн дурсгалыг хүндэтгэж, суудлыг нь мөнхөлж үлдээхээр шийдсэн байна.

Манчинеллигийн эхнэр 15 жилийн өмнө нас барсан бол хоёр хүүгийн нэг нь 36 жилийн өмнө нас баржээ.

Гиннесийн номонд бичигдсэнээс гадна Манчинеллигийн нэрийг Охайо дахь “Үсчдийн Музей"-н Алдрын Танхимд нас барахаас нь долоо хоногийн өмнө залсан байна.

 

Эх сурвалж: CNN