Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

#НүүдэлШийдэл: “АНСА-ын зардлыг хэмнэх шалтгаанаар УИХ-ыг тарааж болохгүй”

Ч.Болортуяа
2019 оны 9 сарын 25
iKon.MN

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн (ҮХНӨ) төслөөр ард нийтийн санал асуулгыг (АНСА) хийхийн зэрэгцээ УИХ-ын ээлжит бус сонгуулийг зохион байгуулах санаачлага УИХ-ын зарим гишүүнээс гарч ирсэн нь тодорхой зүйл болсон билээ.

Энэ нь байж болох хувилбарын нэг гэдгийг УИХ-ын дарга ч мэдэгдээд буй. Тэгвэл УИХ-ыг тараах нь зөв үү? мөн үүнийг АНСА-тай хамтатган зохион байгуулах зохимжтой асуудлаар МОНГОЛ ТВ телевизийн "Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгээр Даваа гарагт хөндлөө. 

Тус хэлэлцүүлэгт уригдан ирсэн зочдын онцлох эшлэлийг хүргэж байна.



"УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр Ерөнхийлөгчийг дагаж ханарсан зүйл байхгүй"
 

УИХ-ын даргын ахлах зөвлөх, хуульч Ж.Сүхбаатар:

  • Үндсэн хууль болон бусад хуулийн нөхцөлийг харахад УИХ өөрөө тарах, уг асуудлыг УИХ-ын гишүүд санаачлах эрхтэй. Үүнд хууль зүйн хувьд зөв, буруу гэсэн ямар нэгэн зөрчил байхгүй. Их хурал тарахад анхаарахаас илүүтэй энэ асуудал юутай холбогдож үүссэн бэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй.
  • АНСА гэдэг нь хуулийн нэр томьёо нь ийм болохоос биш ард түмэн зүгээр нэг санал өгөх гэж байгаа хэрэг биш. Энэ бол Үндсэн хуулиа батлах гэж буй том асуудал. Үүнд бид бүтээлчээр хандах хэрэгтэй.
  • АНСА-ыг УИХ-ын ээлжит бус сонгуультай хамт явуулахгүй гэж үзэж байгаа бол АНСА дээрээ хэрхэн зөвшилцөх вэ гэдэг дээрээ төвлөрөх хэрэгтэй байна.
  • АНСА дээрээ тогтвол энэ нь ард түмэн дээд эрхээ эдлэх буюу ҮНХӨ -ийг шууд батлах явдал юм.
  • ҮХНӨ дээр ямар ч бүтээлч санал гарч ирэхгүй байна.
  • УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр Ерөнхийлөгчийг дагаж ханарсан зүйл байхгүй.
  • Ерөнхийлөгчийн хориг шийдэгдчихвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, АНСА-тай холбоотой бүх мэдээллүүд иргэдэд нээлттэй цацагдана.
  • Бид ардчиллын дараагийн шатанд гарах гэж байна. Юу гэхээр АНСА явуулах гэж байгаа маань иргэд шууд эрх мэдлээ эдлэх гэж байгаа хэлбэр юм.
  • Хэрвээ АНСА дангаараа яваад ҮХНӨ-ийг иргэд дэмжихгүй байвал харин ч бүр парламентад халтай буюу дархлаагаа авч үлдэнэ гэх баталгаа байхгүйг тооцож үзэх хэрэгтэй.
  • Бидний үе одоогийн Үндсэн хуулиа улам сайжруулах тухай ярих ёстой. Харин шинэ Үндсэн хуулийг шинэ үеийнхэнд нь үлдээх ёстой.
 "ҮНХӨ-ийг батлахын тулд АНСА явуулах гэж буй. Гэтэл үүнийг явуулахын тулд парламент тарна гэдэг дэлхийн түүхэнд байхгүй жишиг"
 

МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн багш, дэд профессор Д. Бумдарь:

  • 2020 оны сонгууль дөхсөн энэ үед бид бүхэн амар тайван байж сонгуульдаа оролцох ёстой. Эцсийн хохирол гишүүдэд биш, намд биш нийгэмд учирна.
  • Эдийн засаг зогсонг байдалд орж байна, бүх зүйл дээр АНСА хэрхэхийг харж төрийн үйл ажиллагаа зогсонг байдалд орох учраас энэ өөрөө асуудал дагуулсан зүйл юм.
  • Хэдхэн сарын дараа болох гэж байгаа сонгуулийн өмнө яагаад улс төрийн тоглолт хийгээд байна, хэнд ашигтай вэ гэдгийг бүгд эргэж харах ёстой.
  • ҮНХӨ-ийг батлахын тулд АНСА явуулах гэж буй. Гэтэл үүнийг явуулахын тулд парламент тарна гэдэг дэлхийн түүхэнд байхгүй жишиг.
  • Одоогийн явж буй улстөржилтийг харвал ҮНХӨ-ийг батлах сонирхолгүй, парламентын засаглалыг хүчгүй гэдгийг батлах сонирхол яваад байна. Тиймээс үүнд УИХ-ын гишүүд хариуцлагатай хандах ёстой.
  • Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг би батлаасай гэж хүсэж байгаа. Үүнд жаахан ч гэсэн гэгээлэг зүйлс бий.
  • Улс төрд бодлогын шийдвэр гаргалт гэж онол байдаг. Одоо тэр бодлого явж байна. Стресстүүлэх тусам хамгаалалтын байдал руу ордог.
  • Үндсэн хуульд орж байгаа гол өөрчлөлтүүдийг л бид анхаарч харах ёстой болохоос биш УИХ тарах уу, үгүй юу гэдэг асуудлыг яривал улс төржилт улам нэмэгдэнэ. Эргээд бидэнд хохирол авчирна.
 "УИХ үнэхээр ЖДҮ, 60 тэрбум, утаа гэх мэт асуудал дээрээ хариуцлага хүлээгээд огцорно гэвэл дэмжинэ"
 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

  • УИХ тарах тухай хэн ч яриагүй. Хэсэг гишүүн өрөөндөө суугаад энэ тухай ярьсныг шум болгон тарааж сонгуулийн өмнөх хээрийн сургуулилт шиг зүйл хийж байна.
  • Энэ бол Үндсэн хуулийг батлахгүйн тулд хийж байгаа “Block”. Нөгөө талаар УИХ тарах тухай албан ёсны бичиг баримт, санал гарч ирээгүй байхад дүгнэлт хийх боломжгүй. Миний хувьд одоогийн УИХ үнэхээр ЖДҮ, 60 тэрбум, утаа гэх мэт асуудал дээрээ хариуцлага хүлээгээд огцорно гэвэл дэмжинэ.
  • Бид бүхэн цаг хугацаатай уралдаж байна. 12-р сараас өмнө Үндсэн хуулиа батлахгүй бол сонгууль явагдахаас 6 сарын өмнө Үндсэн хуулийн өөрчлөлт ярих боломжгүй болно.
  • Үндсэн хуулийг батлахгүй байхад нөлөөлж байгаа хүчин зүйл нь 2 хөрштэй холбоотой гэж бодож байна. Хоёр том гүрний дунд байгаа жижиг улс үргэлж том гүрний нөлөөллөөс болж өөрсдийгөө карентелж байх шаардлага үүсдэг.
  • Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахгүй байх гадаад хүчин зүйлд 2 хөршөө хардахаас өөр арга байхгүй. Дотоод хүчин зүйл бол төрийн гурван өндөрлөг.
  • Их хурлыг тарах нь зөв гэж үзээд гарын үсэг зураад байгаа гишүүд өөрсдөө бүрэн эрхээсээ татгалзах, эсвэл та бүхнийг сайхан амьдруулж чадахгүй нь гэдгээ хүлээн зөвшөөрөөд ажиллаж чадахгүй гэсэн өргөдлөө л өгчих хэрэгтэй.
  • ҮХНӨ-ийг УИХ бус АНСА-аар шийдэх нь зүйтэй. АНСА-д тавьсан Ерөнхийлөгч хориг хууль зүйн үндэслэл муу байна.
​"Ард нийтийн санал асуулгын зардлыг хэмнэх гэдэг шалтгаанаар ээлжит бус сонгууль явуулж болохгүй"
 

МУИС-ийн хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор А.Бямбажаргал:

  • Үндсэн хуульд зааснаар УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзсэн үед их хурал тарах нөхцөл бий.
  • АНСА-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахтай зэрэгцүүлээд УИХ-ыг тараах асуудлыг ярьж байгаа нь зохимжгүй.
  • АНСА явуулахад ирц хүрэхгүй гээд байгаа шалтгааныг асуух л хэрэгтэй болж байна.
  • Өөрчлөлт орж буй 19 зүйл 34 заалтын талаар иргэд өөрсдөө эргэцүүлэн бодох шаардлага байна.
  • Ард нийтийн санал асуулгын зардлыг хэмнэх гэдэг шалтгаанаар ээлжит бус сонгууль явуулж болохгүй.
  • 1945 оны 10-р сарын 20-нд АНСА явуулсан байдаг. Тухайн үед санал асуулга явуулахаас өмнө 9-р сарын 20-ны өдөр тэргүүлэгчдийн тогтоол гарсан. Үүнд ирцийг яаж бүрдүүлэх вэ гэдэг асуудлыг тодорхой тусгаж өгсөн.
  • АНСА-ын ирцийг бүрдүүлэх явдал төрийн бүрэн эрхийн асуудал. Хоёрдугаарт үүрэг нь юм.
  • Ард нийтийн санал асуулга бол иргэдэд олдож байгаа онцгой том боломж. Бид амьдралдаа дахиад ийм боломжтой таарах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл түүхэн ийм боломж дээр иргэдийг алгуурлана гэж би бодохгүй байгаа юм.
  • Дэлхий дээр нийтлэг гардаг асуудал бол эрх баригч намын нэр хүндтэй АНСА-аар орж байгаа асуудлыг холбодог тал байсаар байна. Гэхдээ бодит байдал дээр одоогийн ҮХНӨ-ийн төсөл зөвхөн эрх баригчдын боловсруулан төсөл биш. АН-ын оролцоо ч бий. Мөн санаачлагч гишүүдэд О.Баасанхүү гишүүн байх жишээтэй.
  • 19 зүйл 34 заалт бүхий эхийг АНСА-д оруулж, иргэд дэмжинэ, дэмжихгүй гэсэн хоёр сонголтын аль нэгийг сонгоно.
  • Үндсэн хуульд тангараг нь албан ёсоор бичигдсэн байдаг ганцхан албан тушаалтан бол Монгол Улсын Ерөнхийлөгч. Үндсэн хуулийг чандлан сахина гэсэн тангараг ерөнхийлөгч өргөдөг. Тангаргаасаа няцвал огцруулах үр дагавар үүснэ.
  • Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эсрэг буюу тангаргаасаа арай ч няцаагүй байлгүй дээ гэж найдаж байна.
  • Үндсэн хууль иргэдийн эрх, эрх чөлөөг тунхаглахад л оршдог. Тийм учраас Үндсэн хууль маань Монголын ард түмэн бид гэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл ҮНХӨ-ийг АНСА-аар батална гэдэг нь "Эзэн нь юмаа мэдэж, Эрэг нь усаа хашдаг" гэдэг зүйр үгтэй дүйж байгаа юм.

     

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.