Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

#НүүдэлШийдэл: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг АРД НИЙТ дэмжих ёстой юу, үгүй юу?

Ч.Болортуяа
2019 оны 9 сарын 18
iKon.MN

Ард нийтээс асуухаар болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн (ҮХНӨ) төслийн талаар хангалттай мэдлэг, мэдээлэл байна уу? гэсэн iKon.mn-ын санал асуулгад уншигчдын 83% нь “Байхгүй” гэж хариулаад байна.

Тиймээс ч олон нийтээс асууж шийдэхээр болсон ҮХНӨ-ийн төслийн талаар мэдээлэл өгөх зорилгоор “Монгол ТВ” телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгээр хуульч, судлаачдын төлөөллийг хамруулан хэлэлцүүлэг хийлээ.

ВИДЕО: Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх:

https://www.facebook.com/mongoltv/videos/404717253518202/?t=436

Оролцогчдын байр сууриас онцлох эшлэлийг хүргэвэл:

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан

 
  • Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусах хүртэл УИХ процессын ямар нэгэн алдаа гаргаагүй.
     
  • УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд шүүхтэй холбоотой 7, Үндсэн хуулийн цэцтэй холбоотой 2 заалт орж ирсэн. Эдгээр заалт шүүхийг нэг хүнээс хамааралтай болгож  байгааг зогсоох агуулга бүхий заалтууд байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ бүгдийг хасах санал ирүүлсэн. Улмаар шүүх эрх мэдэлтэй холбоотой 4 чухал заалт одоогийн төсөлд байгаа. Үүний нэгдүгээрт Шүүхийн ерөнхий зөвлөлийг хараат бус болгох тухай заалт юм.
     
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийг хараат бус болгохын тулд хуулийн төслийн 49.5-д Шүүхийн ерөнхий зөвлөл нь 10 гишүүнтэй байна, эдгээрийн 5 нь шүүгчдээс, бусдыг нь нээлттэйгээр сонгох, даргыг дотроосоо томилох тухай тусгагдсан. Энэ заалт орсноор Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтцийг дураар шийддэг асуудлыг таслан зогсооно.
     
  • Мөн шүүхийн сахилгын хороог байгуулах тухай төсөлд тусгагдсан. Учир нь шүүхийн сахилгын тогтолцоо маш үр нөлөө муутай, өнгөрсөн 27 жилийн турш 3-4 удаа өөрчлөгдөж байсан. Үүнийг таслан зогсоохын тулд бие даасан хороо байгуулах шаардлага үүссэн.
     
  • Төслийн 33.4-р заалтад Ерөнхийлөгчид хуулиар нэмж бүрэн эрх олгож болдог байсныг хориглосон. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд байхгүй Ерөнхийлөгчид олгогдож байсан бүрэн эрх тасарч унана гэсэн үг. Ингэснээр хуулийн байгууллагад нөлөөлдөг Ерөнхийлөгчийн нөлөөллийг бууруулсан.
     
  • Одоогийн хуулиар шүүх, шүүгчтэй холбоотой асуудалд ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэтэрхий нэмэгдүүлсэн нь шүүхэд орон зүй бус нөлөөллийг үүсгэж байна.
     
  • Дээд шүүх Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн үйл ажиллагаанд оролцдог болчих вий гэсэн болгоомжлол бийг ойлгож байгаа. Гэхдээ ШЕЗ Дээд шүүхэд тайлангаа гаргана гэдэг заалтын утга нь протоколд хангалттай тусч чадсан. Тэр нь шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгоо хэрхэн хангаж байгаагаа Дээд шүүхэд тайлан явуулах замаар нийт шүүгч, олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулах ажил юм. Органик хууль үүнийхээ дагуу гарах ёстой. Энэ нь 2013 онд 13 шүүгчийг шалтгаангүйгээр томилоогүй үйл явдалд ШЕЗ юу ч хийгээгүй. Тэгэхээр ШЕЗ хийж байгаа ажлаа тайлагнадаг байх ёстой гэж байгаа юм.

УИХ, Засгийн газрын гишүүн асан, хуульч, Үндсэн хууль судлаач Х.Тэмүүжин

 

 

  • Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг процессын хувьд алдаатай, агуулгын хувьд анх эхэлсэн хаалгаараа биш буруу хаалгаар гараад явчихав уу гэх болгоомжлол төрж байна.
     
  • УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсний дараа Ерөнхийлөгчөөс саналууд орж ирсэн. Үүнийг хоёрдугаар хэлэлцүүлэг дээр оруулж, зарим асуудал дээр зөвшилцөлд хүрч байна гэдэг нэрийн дор дэвшилттэй явж байсан заалтуудыг үгүй хийсэн.
     
  • Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагын дор олон жилийн турш хийсэн олон чухал заалтыг зөвшилцөл нэрийн дор УИХ-ын гишүүд авч хаясан.
     
  • Олж байгаа ололт маань алдаж байгаа алдаа гажуудлаасаа илүү байж чадаж байгаа юу үгүй юу гэдэг дээр маш их эргэлзэж байна.
     
  • Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан гишүүд шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудлаар судлаачдын гаргасан саналын 50 хувийг л төсөлдөө тусгаж оруулсан. Тэд тайлбарлахдаа, Ерөнхийлөгчтэй муудалцмааргүй байна гэдэг өнгөөр хандаж, шүүхийг хэтэрхий өөрчлөх гэж оролдвол Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг авч гарахгүй байж магадгүй гэсэн тандалт байсан юм шиг байна лээ.
     
  • Одоогийн УИХ ард нийтийн санал асуулга явуулах замаар нэгэнт Үндсэн хуулийн өөрчлөлтийг шийдвэрлэх гэж байгаа бол яагаад Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцээс айж дэвшилтэт заалтуудыг унагааж, хамгийн үлбэгэр, ухралт хийсэн заалтуудыг оруулж ирж байгааг би гайхаж байна.
     
  • Үндсэн хуулийг сайжруулахын тулд ядаж 1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд хүрсэн түвшнээс унагахгүй байх ёстой.
     
  • Одоогийн өөрчлөлтөөр 3 салбар дээр Үндсэн хуулийн өөрчлөлт унаж байна гэж үзэж байна.  Нэгт ардчилал хойшоо ухарлаа. Хоёрдугаарт эдийн засаг уналтад орлоо. Гуравт, шударга ёсны тогтолцоо гэж яриад байгаа шүүхийн систем буруу хаалга руу алхлаа.
     
  • Үндсэн хуулийн одоогийн өөрчлөлтөд нийт сонгуулийн насны иргэдийн 1 хувийг гишүүнчлэлээрээ бүрдүүлж байж улс төрийн нам болох тухай заалт оруулсан нь иргэнийхээ үндсэн эрхийг дордуулсан зүйл буюу ардчиллаас ухарсан алхам боллоо. Яг үүнтэй адил Дээд шүүхийг бүх шүүхийн төлөөлөл юм шиг өмнөх алдаатай ойлголтыг бүр баталгуулсан байна. 
     
  • Дээд шүүх, Ерөнхийлөгчийн хоёрын түншлэл хоёрыг бид албан ёсоор баталгаажуулах гэж байна. 
     
  • УИХ дахь АН-ын бүлэг ҮХНӨ-ийн төсөл дээр маш сул ажиллалаа.
     
  • 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг дордуулсан гэж үздэг ч ядаж тэр өөрчлөлтөөр иргэнийхээ үндсэн эрхийг дордуулаагүй.

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор Б.Эрдэнэдалай

 

 

  • УИХ Ерөнхий сайдыг дураараа огцруулбал Их хурал тарах асуудал яригдах хүртэл зохицуулалт орж ирсэн нь Засгийн газар тогтвортой байх, засаглалыг тэнцвэртэй байдлыг хадгалах нэг хувилбар юм.
     
  • Өнөөдрийн байдлаар дээд шүүхэд бүртгэлтэй 33 нам манай улсад байна. Одоо оруулж ирсэн өөрчлөлтөөр нийт сонгуулийн насны иргэдийн 1 хувийг гишүүнчлэлээрээ бүрдүүлж байж улс төрийн нам болно гэдэг заалт орж ирсэн. Нам байгуулахад босго тавьсан заалт оруулж ирсэн нь Засгийн газар, шүүх эрх мэдэл зэрэг бүх чухал байгууллыг хийдэг улс төрийн намуудад босго тогтоож өгч байгаа хэрэг.
     
  • Парламентад суудалгүй жижиг намууд бодлогоор өрсөлдье гэдэг ч том намууд сонгогчдыг илүү татах хууль бус үйл ажиллагаа явуулж олонх болдог сөрөг зүйл маш их гардаг. Жижиг намуудын хувьд босгыг өндөрсгөснөөр боломжийг нь бүр хаслаа. 
     
  • Одоогийн том намуудыг хянах улстөрийн намын санхүүжилтийг ил тод болгох заалт оруулж ирсэн ч эргээд тавих хяналт нь тодорхойгүй байна.
     
  • Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах боломж гарч ирж байгаа.
     
  • Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил болгож байгаа нь Засгийн газрын тогтвортой болгоход түлхэц болсон заалт болсон тухай судлаачид хэлж байгаа. 

Хуульч Ж.Эрхэмбаатар

 

 

  • УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд УИХ-аас 3/2 буюу өндөр саналаар нээлттэй хэлэлцүүлгийн үр дүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийг томилох төсөл байсан. Бас нэгэн чухал заалт нь шүүх бүр ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг тусгасан.
     
  • 62 гишүүний өргөн барьсан төсөл 1-р хэлэлцүүлгийг давсан. Гэвч 2-р хэлэлцүүлэг дээр Ерөнхийлөгч санал өргөн барьж, процессын хууль зөрчсөн. Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ажлын хэсгээс гарсан саналыг ард нийтээр хэлэлцүүлэх гэж байна. Ингэхдээ шүүхтэй холбоотой дэвшилттэй заалтуудаа гээсэн. Тодруулбал, тойргийн шүүх байгуулах нэрээр дахиад шүүхэд бүтцийн өөрчлөлт явуулах боломжтой болгочихлоо. Үүнийгээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга илэрхийлчихсэн.
     
  • Ерөнхийлөгч санал оруулахдаа шүүхтэй холбоотой асуудалд бүтцийн өөрчлөлттэй холбоотой заалтыг л дэмжиж, бусдыг нь дэмжихгүй байх заалт оруулж ирсэн шүү дээ.
     
  • Үндсэн хуулийн цэц өнөөдөр захиалгаар ажилладаг боллоо гэдэгтэй судлаачид санал нэгтэй байгаа. Гэтэл Үндсэн хуулийн цэцтэй холбоотой чухал заалтууд орхигдсон. 
     
  • Ард нийтийн санал асуулга гэдэг нь Үндсэн хуульд байгаа нэр томьёо. УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа харин үүнийг хүчин төгөлдөр болох эсэхийг иргэд шийднэ. Өөрөөр хэлбэл санал асуулга гэхээсээ илүү иргэдэд бүх эрхийг шилжүүлж буй явдал гэдгийг ойлгох нь чухал.
     
  • Ард нийтийн санал асуулгад Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн өөрийнх нь эсрэг буюу парламентийн засаглалын эсрэг санал асуулга явуулъя гэж байгаа. Үндсэн хуульдаа тангараг өргөсөн Ерөнхийлөгч Үндсэн хуулийг батлах үйл явцтай зэрэгцэж энэ саналыг оруулж ирсэн нь өргөсөн тангаргаасаа няцсан үйл явдал боллоо гэж хэсэг хуульч үзэж байна. Хэрэв үүнийг Үндсэн хуулийн цэцэд хандаад ҮХ зөрчсөн байна гэж үзвэл Ерөнхийлөгчийг эгүүлэн татах хүртэл үндэслэл болох боломжтой.


УИХ-аас ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл төсөл олон нийтэд нээлттэй болоогүй байна. Учир нь УИХ хэдийгээр АНСА явуулах шийдвэр гаргасан ч хугацаа, төсвийг тогтоогүй байгаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.5-д зааснаар “Ард нийтийн санал асуулгад оруулж байгаа төслийг санал асуулга явуулах өдрийг зарлан тунхагласнаас хойш ажлын гурван өдрийн дотор албан ёсоор нийтэлнэ” гэсэн байдаг. Тиймээс ч УИХ санал асуулгын хугацааг товлоогүй байгаа учир төсөл олон нийтэд хүрээгүй байна.

Гэхдээ УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөл, Ерөнхийлөгчийн өргөн барьсан санал болоод эдгээрийг хэлэлцэх УИХ-ын чуулганы үйл ажиллагаа бүгд нээлттэй явагдсан билээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.