Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Усан дотор гэрлэх санал тавьсан Америк залуу живж амиа алджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын иргэн эрэгтэй өнгөрсөн долоо хоногт Танзани улсад аялж явахдаа найз бүсгүйдээ өвөрмөц аргаар гэрлэх санал тавьж байгаад живж амиа алджээ.

Танзани улсын Пемба аралд орших далайн усан дотор байрладаг зочид буудалд хосууд буугаад байсан гэнэ. Гэтэл Стивен Уэбер найз бүсгүй Кенеша Антуанд гэрлэх санал тавих өвөрмөц арга бодож олсон байна.

Тэрээр усанд шумбаж, зочид буудлын өрөөнийхөө цонхны цаанаас найз бүсгүйдээ санал тавьжээ.

Эхлээд Уэбер “Надтай гэрлэх үү?” гэсэн бичигтэй цаас үзүүлээд дараа нь сүйн бөгж хайрцагнаас нь дэлгэж харуулсан байна.

Гэвч энэ явдлын дараа Уэбер уснаас буцаж гарч чадаагүй живсэн тухай найз бүсгүй нь фэйсбүүк хуудсандаа мэдээлжээ. Тэр бас Уэберийн санал тавьж буй дүрс бичлэгийг нийтэлж, гашуудлаа хуваалцсан байна.

Хосуудын буусан Манта амралтын газрын захиргаа ийм эмгэнэлт явдал болсныг баталжээ. “Манай буудлын эрэгтэй зочин усан дотрох өрөөний гадна талд шумбаж байгаад харамсалтайгаар живсэн нь үнэн. Болсон явдлыг Занзибарын цагдаагийн газар шалгаж байна” гэж тус амралтын газрын гүйцэтгэх захирал Мэттью Саус мэдэгдсэн байна.

АНУ-ын төрийн департмент өөрийнх нь иргэн Танзанид аялж яваад золгүй байдлаар амиа алдсан гэх мэдээллийг баталж, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлжээ.

 

Эх сурвалж: The Guardian