Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

ТУРШИЛТ: БНСУ-ын технологиор хөрсний бохирдлыг бууруулжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд анх удаа бохирдол саармагжуулах туршилтын ажлыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлжээ. Тус дүүргийн зарим газарт арьс ширний үйлдвэрийн хог хаягдлаас үүдэлтэй хүнд металлын бохирдол их байгааг мэргэжлийн байгууллагууд удаа дараа шинжилж тогтоосон байдаг.

Улаанбаатар хотын хөрсний зонхилох бохирдуулагч болох хар тугалга, хром, хүнцэл, зэс, кобальт, цайр зэрэг хүнд металлуудын тархацад төсөл эхлэхээс өмнө судалгаа, хэмжилтүүд хийхэд хромын бохирдол бусдаасаа илүү давамгайлж байв.

Орон сууцны хорооллын дундах нийтийн эзэмшлийн 2 талбайн нийт 0.7 га газрын хөрсний хүнд металлын бохирдлыг бууруулахдаа БНСУ-ын хөрсний бохирдлыг бууруулах дэвшилтэт технологиор гарган авсан нунтаг бодисыг ашиглан, хөрс сийрэгжүүлэлтийг технологийн дагуу бэлдэж, агаар орчны бохирдлыг бууруулахад нөлөөтэй модлог, олон наст ургамлыг тарьжээ. Үүний үр дүнд шинжилгээний дүнгээр бохирдлын хэмжээ 92 хувиар буурсан байна.

Нийслэлийн хэмжээнд төдийгүй Монгол Улсын хэмжээнд анх удаа хийгдэж байгаа энэхүү ажил нь манай улсын хувьд хүрээлэн буй орчинд ээлтэй, өндөр зардал шаардахгүй, хэрэгжүүлэх боломжтой аргад тооцогдож байна.

Цаашид тухайн талбайн ургамлаас тодорхой давтамжтайгаар хүнд металлын шинжилгээ авч, бохирдлын хэмжээг хянан, хөрсний хүнд металлын бохирдол ургамлаар дамжин саармагжиж буй байдлаас шалтгаалан төслийг өргөн хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэх аж.