Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д зургаан жил амьдарсан Эдвард Сноуден баруун Европт цагаачлахыг хүсэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тагнуулын байгууллагад гэрээт ажилтан асан Эдвард Сноуден одоо ОХУ-д амьдарч байгаа.

Тэрээр 2013 онд хүмүүсийг тагнаж чагнах АНУ-ын засгийн газрын хөтөлбөрийн талаар нууц мэдээллийг дэлхий дахинд ил болгосныхоо төлөө гэмт хэрэгтэн болсон юм. 

Өнөөдөр түүний бичсэн дурдатгал ном “Permanent Records” нэртэй худалдаанд гарч байгаа. Сноуден номныхоо нээлттэй давхцуулан Герман, Францын хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө эдгээр орнуудаас улс төрийн орогнол авах хүслээ илэрхийлжээ.

Тэр бас төрөлх АНУ-даа буцаж очих хүсэлтэй ч хэргийг нь шударга шүүнэ гэдэгт эргэлзэж байгаагаа ярьсан юм. Түүний хийсэн үйлдэл АНУ-ын түүхэнд томоохонд тооцогдох төрийн нууц задалсан хэрэг ажээ. Хэрвээ эх орондоо буцаж очвол түүнийг олон арван жилийн хорих шийтгэл хүлээж байгаа.

Сноуден мэдээлэл задруулсныхаа дараа Хонг Конгт сар орчим хугацаанд нуугдсаж, Куба, Эквадор зэрэг орнууд руу очих зорилготой явж байгаад ОХУ-д гацсан юм.

АНУ-ын эрх баригчид паспортыг нь хүчингүй болгосноор тэр Оросоос гарах боломжгүй болж, зургаан жилийн турш Москвад амьдарч байгаа.

“Би хэзээ ч Орост амьдрах тухай бодож байгаагүй. Би Оросоор дамжиж Латин Америкт хүрэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч АНУ-ын засгийн газар намайг Орост гацаах арга хэмжээ авсан юм” гэж тэр Германы ZDF агентлагт ярьжээ.

Тэрээр өнгөрсөн хугацаанд дэлхийн 27 улсаас, тэдгээрийн дотор Герман, Франц улсуудаас улс төрийн орогнол хүссэн ч татгалзсан хариу авсан байна.

Сноуден одоо Герман, Франц хоёр улсын нэгэнд цагаачилж амьдрах хүсэлтэй байгаагаа ярьжээ.

Гэвч АНУ-ын холбоотон эдгээр улсуудын удирдагчид Сноуденыг хүлээж авч зүрхлэхгүй байгаа. “Гэхдээ энэ бол ганц Францын асуудал биш. Энэ бол Европын, дэлхий нийтийн асуудал. Өнөөдрийн бидний амьдарч буй системийн асуудал. Нууц задруулагчийг хамгаалах нь дайсагнасан хэрэг биш. Над шиг хүнийг хүлээж авснаараа АНУ-ын дайсан болно гэсэн үг биш” гэж тэр Францын Inter радиод ярьжээ.

“Хамгийн эмгэнэлтэй нь Америкийн шүгэл үлээгчийн орогнох боломжтой газар Европ биш, зөвхөн Орос болоод байна” гэж Сноуден харууссан байна.

Германы зүүний үзэлтэй сөрөг хүчнүүд Сноуденд улс төрийн орогнол олгохыг дэмждэг. Гэвч канцлерь Ангела Меркелийн Христийн ардчилсан нам үүнийг нь дэмжихгүй байгаа юм.

Социал демократууд, Ногоон намынхан Сноуденыг Нобелийн энх тайвны шагнал хүртэх эрхтэй хүн гэж үзэж байгаа бол эрх баригч консервативууд түүнийг баатар гэж өргөмжлөхгүй байна.

Ярилцлага нь нийтлэгдсэний дараа Францын хууль зүйн сайд Николь Бэллубет хэвлэлд ярихдаа Сноуденд орогнол олгох асуудлыг хувь хүнийхээ үүднээс дэмждэг гэжээ. Гэвч Францын засгийн газрын байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байгааг тэр хэлсэн байна.

2013 онд Сноудены гаргасан улс төрийн орогнол олгох хүсэлтэд Францын ерөнхийлөгч асан Франсуа Олландын засгийн газар татгалзсан хариу өгч байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post