Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Тайвань дипломат харилцаатай цөөхөн улс орнуудынхаа нэгийг Бээжинд алдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Номхон далайн Соломоны арлууд улсын засгийн газар Тайваниас дипломат харилцаагаа салгаж, эх газрын Хятадыг шинэ түншээрээ сонгох шийдвэр гаргажээ.

Энэхүү шийдвэр нь тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх зорилготой Тайвань арлын эрх баригчдад хүнд цохилт болж байна.

2016 онд эх газраас салан тусгаарлах үзэлтэй Цай Ин Вэн ерөнхийлөгч болсноос хойш Тайвань улс зургаа дахь дипломат түншээ алдаж байгаа нь энэ юм.

Бээжингийн зүгээс Тайванийг олон улсын тавцанд ганцаардуулах бодлого хүчтэй явуулсны үр дүнд өнгөрсөн хугацаанд Буркина Фасо, Доминиканы БНУ, Сан Томе ба Принсип, Панам, Эль Сальвадор гэсэн таван улс дипломат харилцаагаа салгаад байна. 600,000 орчим хүн амтай Соломоны арлууд тэдний араас нэмэгдэж байгаа юм.

“Тус улсын засгийн газар Хятад улстай дипломат харилцаа тогтоохоор болсон тухай мэдээг бид гүн харамсалтайгаар хүлээн авч байна” гэж Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.

Өнөөдөр буюу Мягмар гарагт Соломоны арлуудын нийслэлд байрладаг Тайваний элчин сайдын яам хаалгаа барьж, 11:30 цагт далбаагаа буулгахаар болсон байна. Элчин сайдын яамны бүх ажилтныг эх оронд нь буцааж ирүүлэхээр болжээ.

Цай Ин Вэн “долларын дипломат бодлого” явуулж байгаа Бээжингийн эрх баригчдыг шүүмжилсэн байна. “Өнгөрсөн цөөн хэдэн жилийн хугацаанд Хятад улс Тайваний олон улсын орон зайг устгах бодлогыг санхүү болон улс төрийн аргаар явуулж ирлээ” гэж тэр мэдэгджээ.

Одоо Тайваньтай дипломат харилцаатай орнуудын тоо 16 болон буурч байна. Тэдгээр нь голдуу Латин Америкийн болон Номхон далайн жижиг улс орнууд байдаг.

 

Эх сурвалж: AFP