Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Саудын Арабын дүгнэлтээс хамаарч Иранд цохилт өгөх эсэхээ шийднэ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Саудын Арабын газрын тосны хоёр байгууламж агаарын халдлагад өртөж, дэлхийн зах зээл дэхь “хар алт”-ны нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлсөн билээ.

Халдлагыг тус улсын өмнөд хөрш Йемений босогчид дроноор үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Харин АНУ-ын ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүс уг халдлагад Иран улсыг буруутгаж байна.

Нэрээ дурдаагүй Вашингтоны өндөр албан тушаалтан Бямба гарагийн халдлагыг Иран улс далавчит пуужингаар гүйцэтгэсэн нь тодорхой болсныг АНУ-ын хэвлэлүүдэд мэдээлсэн юм.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Иран улс халдлагыг үйлдсэн гэх баттай баримт байхгүй байгааг хэлжээ.

Тэрээр төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог Саудын Арабын нийслэл рүү илгээж, мөрдөн шалгах ажиллагаатай танилцуулахаар болсныг мөн хэлсэн байна.

“Олон янзын хувилбар яригдаж байгаа. Бид удахгүй тодорхой болгоно” гэж Трамп хэлсэн юм.

Тэрээр халдлага үйлдсэний хариу цохилтыг АНУ өгөхөд бэлэн болоод байгаа бөгөөд Иран улс оролцсон гэх дүгнэлтийг зөвхөн Саудын Арабын тал гаргавал цохилтоо гүйцэтгэнэ гэж Ням гарагт твиттер хуудсандаа бичсэн байна.

Өөрөөр хэлбэл энэ мөргөлдөөний шууд хариуцлагыг АНУ биш, Саудын Араб улс үүрэх болно гэсэн өнгө аястай мэдэгдэл бичсэн юм.

Харин Иран улс хөрш орныхоо газрын тосны байгууламжуудад цохилт өгөөгүй гэдгээ дахин дахин илэрхийлж байна.

Анкарад айлчилж байгаа Ираны ерөнхийлөгч Хассан Рухани “Йемений ард түмэн өөрийгөө хамгаалах хууль ёсны эрхтэй. Энэ халдлага бол Йемений эсрэг явуулж буй түрэмгийллийн хариу өшөө авалт юм” гэж өчигдөр мэдэгджээ.

Дональд Трампаас сэтгүүлчид мөргөлдөөн үүсвэл Саудын Арабыг АНУ хамгаалах уу гэж асуухад “Үгүй. Би тэгж амлаагүй. Бид Саудын Арабын эрх баригчидтай зэрэгцэж суугаад асуудлыг хэлэлцэх болно” гэж хэлсэн байна.

Энэхүү мэдэгдлийнхээ дараахан Трамп хэлэхдээ хэрвээ ямар нэг хариу цохилт болбол Саудын Араб голлох үүрэгтэй оролцож, гарах зардлыг хүртэл хариуцах болно гэжээ.

“Хэрвээ бид ямар нэг арга хэмжээ авахаар болбол Саудын тал голлон оролцох ёстой. Үүнд зардал мөнгөний асуудал ч багтана. Тэд үүнийгээ сайн ойлгож байгаа” гэж Трамп хэлсэн юм.

Ямартай ч Трампын засаг захиргаа Тегерантай харилцаагаа бүрмөсөн муутгахыг хүсэхгүй байгаа нь эндээс харагдаж байна. Энэ сарын сүүлээр Нью Йорк хотноо болох НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр АНУ, Ираны төрийн тэргүүнүүд уулзах магадлалтай байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian