Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаан буудайн урамшууллыг тонн тутамд 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлнэ"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БОХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар өнгөрсөн амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутаг Төв, Сэлэнгэ аймагт ажиллав. 

Тэд Төв аймгийн Угтаалцайдам сумын “Элсэн цагаан” ХХК, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Агро Шим” ХХК-ийн тариан талбайгаар зочилж, ургац хураалтын явц байдалтай танилцлаа. Мөн Улсын аварга ногоочин Б.Хадбаатарын төмс, хүнсний ногооны талбайд очиж ургац хураалттай танилцсан юм. 

Энэ онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1 мянган га-д улаан буудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн юм.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарч байгааг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэллээ.

ХХААХҮ-ийн сайдын танилцуулснаар, энэ жил Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн зарим сумын нутгаар ургацын байдал хэвийн байгаа бол Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад тохиолдсон хэт халалт, гангийн улмаас энэ бүс нутагт ургац бага зэрэг буурахаар байгаа аж. 

Гэсэн хэдий ч ургац хураалтын ажлыг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж, технологийн зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулж, улаан буудайн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломжтой хэмээн үзэж байна.

Энэ жил улсын хэмжээнд 340 мян га-д үр тариа тариалсан бөгөөд 400 мянга орчим тонн улаан буудай хураахаар төлөвлөжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүн амаа хүнс тэжээлээр хангах буянтай хариуцлагатай ажлаа нэр төртэй хийж байгаа тариаланчдад талархал илэрхийлээд, стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурилын үнийг тогтвортой байлгах, хангамжийг сайжруулах үүднээс улаан буудайн урамшууллыг тонн тутамд нь 50 мянган төгрөгөөр тооцон олгож ирснийг энэ жилийн нөхцөл байдал, тариаланчдын хүсэлтийн дагуу 50 мянган төгрөгөөр нэмж, 100 мянгад хүргэнэ гэдгээ Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланчидтай уулзахдаа мэдэгдлээ.

Тариаланчдад үр тариа хураах 36 ширхэг комбайн хүлээлгэн өгөв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ ОХУ-ын Внешэконом банкны 3.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр үр тариа хураах хоёр төрлийн хүчин чадлын 36 ширхэг комбайн нийлүүлэгдсэнийг хүлээлгэн өгсөн юм. 

Энэ нь үр тариаг хаягдалгүй хураахад зориулсан техникийн хангамжийг нэмэгдүүлэх, ургац хураалтын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэхэд чухал, бодит тусламж болж байна гэж тариаланчид хэлэв. Ийнхүү техник, тоног төхөөрөмж нийлүүлэгдсэнээр жилд 23.0 мянган га талбайн үр тариаг технологийн хугацаанд хураах техник үйлдвэрлэлд нэвтэрч, үр тариа хураах комбайны шинэчлэл 80 хувьд хүрч байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.