Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

С.Дорждэрэм: “Буянт-Ухаа 2”-ын сонгон шалгаруулалтад гаднаас халдах оролдлого хийснийг илрүүлсэн

О.Дашням, Өдрийн сонин
2019 оны 9 сарын 16
Өдрийн сонин
Зураг зураг

Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэмээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-970 айлыг орон сууцанд хамруулах ажил ямар шатандаа явж байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Мөн АТГ-аас сонгон шалгаруулалтын явцад танай байгууллагын ажилтан албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэдээлэл гараад байна?

-Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам энэ оны долдугаар сарын эхэнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан.

Энэ цагаас хойш Нийслэлийн орон сууцны корпораци “Буянт-Ухаа 2” хорооллын 970 айлын орон сууцыг гурван хэлбэрээр олгохоор өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. 30 хувийг нь энгийн түрээсээр, 30 хувийг нь түрээслээд өмчлөх, 40 хувийг нь газар чөлөөлөлтөөр олгоно гэсэн журам батлагдсан.

Энгийн түрээс, түрээслээд өмчлөх нөхцөл дээр бүртгүүлж байгаа иргэдийг Нийслэлийн орон сууцны комисс эрэмбийн дагуу юм уу, сугалаагаар шалгаруулна гэсэн журам бий. Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэхэд 35,058 иргэн хамрагдсан. Ингээд наймдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд сонгон шалгаруулалтаа нээлттэй хийсэн.

Манай байгууллагын ямар нэг албан тушаалтанг АТГ болон цагдаагийн байгууллагад шалгасан асуудал байхгүй.

-Шалгаруулалтыг танай байгууллага хариуцаж явуулсан уу?

-Нийслэлийн орон сууцны корпораци цахим бүртгэлийг зохион байгуулсан. Мөн сонгон шалгаруулалтын дагуу тэнцсэн иргэдийн материалыг нягталж, зөвлөгөө өгех ажлыг зохион байгуулж байна. Орон сууцны комисс цахимаар бүртгүүлсэн иргэдийг журмын дагуу, сонгон шалгаруулах үйл ажиллагааг гүйцэтгэсэн. Сонгон шалгаруулах үйл ажиллагаа Тагнуулын ерөнхий газар, АТГ-ын хяналтад явагдсан. Бид наймдугаар сарын 13-нд nosk.ub.gov.mn корпорацийнхаа вэб сайтаар дамжуулж бүх иргэний бүртгэлийн дугаар овог нэрийг байршууллаа.

-Байршуулсан иргэдийн мэдээллийг харахад хэд хэдэн иргэдийн нэр давхардсан байсан шүү дээ. Энэ ямар учиртай вэ?

-Жижигхэн алдаа. Жишээ нь, хоёр А үсэг бичээд зай авахад гурван тэмдэгт болдог шүү дээ. Үүнтэй ижил ард, эсвэл урд талд нь зай авсан гэсэн үг. Ийм тохиолдол цөөхөн гарсан. Нэр давхардсан хүмүүс сонгогдоогүй.

-Одоо ямар үйл явц үргэлжилж байна. Сонгогдсон иргэдтэй хэзээ гэрээ байгуулах вэ?

-Шалгуурт тэнцсэн иргэд ирээд мэдээлэл зөвлөгөө аваад явж байна. Зарим хүмүүсийн материал нь зөрүүтэй байна л даа. Сонгогдсон иргэдэд орон сууц өмчлөлийн түүх гарч байна, залуу гэр бүлүүдэд гэрлэлтийн баталгаа алга, нийгмийн даатгал төлсөн жил цахим дээр бүртгүүлснээсээ зөрж байх жишээтэй.

Энэ бүхнийг нэг бүрчлэн шалгаад явж байна. Цахим мэдээлэл нь цаасаар ирүүлсэн мэдээлэлтэйгээ зөрж байгаа тохиолдолд оронд нь эрэмбийн дагуу дараагийн хүмүүсийг нөхөх асуудлыг ярьж байна. Яг ийм үйл явц өнөөдөр үргэлжилж байна. Гэрээ байгуулах ажил удахгүй эхэлнэ.

-Авлигатай тэмцэх газраас шалгаруулалтын явцад Нийслэлийн орон сууцны корпорацийн систем хакердуулсан, сонгогдсон иргэдийн нэр өөрчлөгдсөн тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Манай цахим бүртгэл, сонгон шалгаруулах үйл ажиллагаанд хөндлөнгийн хүн нөлөөлөх ямар ч боломжгүй. Наймдугаар сарын 4-5-нд шилжих шөнө бүртгүүлсэн 35,058 ингэний материалыг эксел файлаар нь авчихсан.

Үүнд дээр л сонгон шалгаруулалт явуулсан. Нийслэлийн орон сууцны корпорацид ажилладаггүй, бусад байгууллагын хүн системд халдах оролдлого хийснийг шалгаж байгаа гэсэн мэдээллийг АТГ-аас хийсэн. Үүнд Нийслэлийн орон сууцны корпорацийн ажилтан холбогдсон мэт мэдээлэл нийгэмд яваад байна. Бүртгүүлсэн иргэдийн мэдээлэл олонд нээлттэй байгаа.

Бүртгүүлсэн иргэдийн дунд шаардлага хангаагүй хүн байвал та шаардаад мэдээллийг нь нягталж шалгуулах бүрэн боломжтой. 35,058 иргэнээс 580 нь тэнцээд бусад нь үлдэж байгаа учраас гомдолтой байх нь аргагүй. 60 хүнээс нэг нь тэнцээд 59 нь хоцорч байна гэсэн үг шүү дээ.

Энэ хүмүүс маань янз бүрийн юм яриад яваад байна. Нийслэлийн орон сууцны корпорацийн нэг ч ажилтан хэрэгт холбогдож АТГ-т шалгагдаагүй.

-АТГ-аас албан тушаалаа урвуулан ашигласан гэж мэдэгдсэн байсан шүү дээ. Танайх дотроосоо системдээ нөлөөлсөн юм биш үү?

-НОСК-д ажилладаггүй, бусад байгууллагад ажилладаг хүн гэж мэдэгдсэн байгаа. Энэ тухай мэдээллийг та бүхэн АТГ-аас лавлаж асууж болно. Манай байгууллагын албан тушаалтан шалгагдаж байгаа бол ингэж барим тавим худлаа хэлэхгүй шүү дээ.

Бүх сонгон шалгаруулалт явсны дараа вэб хуудас, бүртгэлийн системд гаднаас халдаж, нэр өөрчлөх оролдлого гарсан. Бид үүнийг нь нийслэлийн мэдээлэл технологийн газартай хамтарч илрүүлээд АТГ, болон Эрүүгийн цагдаад мэдээлэл өгсөн. Энэ нь энгийн биш, мэргэжлийн хүн байх магадлалтай байсан.

Бид зөвлөгөө авч АТГ-тай хамтарч ажиллаж байгаа.

Зураг