Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабт хийсэн халдлагыг Иран улс үйлдсэн гэж АНУ буруутгалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын газрын тосны хоёр байгууламжид Бямба гарагт гарсан халдлагыг Йемений босогчид биш, харин Иран улс үйлдсэн гэж АНУ-ын албаны хүн мэдэгджээ.

Өмнө нь Йемений босогчид тэсрэх бөмбөгтэй дроны тусламжтайгаар уг халдлагыг үйлдсэнээ зарлаад байсан юм. Харин АНУ-ын албаныхан халдлага өмнө зүгээс буюу Йеменээс үйлдэгдээгүй, харин баруун болон баруун хойд зүгээс үйлдэгдсэнийг тогтоосон гэнэ.

Энэ нь Ирак, Ираны хилийн цаанаас гэсэн үг. Мөн цохилтын нөлөөг шинжвэл дрон бус, харин далавчит пуужин ашигласан байх өндөр магадлалтай гэж дүгнэжээ.

“Халдлагад Иран улс буруутай нь ямар ч эргэлзээгүй. Үүнээс бултах аргагүй. Өөр хувилбар байх боломжгүй” гэж Вашингтоны нэрээ нууцалсан албаны хүн Ройтерс агентлагт ярьсан байна.

Үүнээс өмнө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мөн халдлагад Иран улс буруутай гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм.

Халдлагын улмаас Саудын Араб улс өдөрт үйлдвэрлэдэг газрын тосны хэмжээгээ тал хувь хүртэл нь бууруулаад байна.

Даваа гарагийн өглөө хөрөнгийн зах зээлийн арилжаа эхлэхэд Брент төрлийн газрын тосны баррелийн үнэ 19 хувь өсөж, $71.95 хүрээд байна.

Саудын Арабын үйлдвэрлэл буцаж хэвийн түвшинд хүрэхэд олон өдөр болно гэж тооцоолж байгаа.

Энэ хооронд тус улс нөөцөөсөө газрын тосны нийлүүлэлтийг нөхнө гэж мэдэгджээ. Тиймээс үнэ ханшийн савалгаа энэ долоо хоногтоо багтаж тогтворжих төлөвтэй байна.

 

Эх сурвалж: BBC