Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн сөрөг хүчний удирдагчийн Колумбийн мафийн гишүүдтэй авхуулсан гэрэл зураг илэрчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог зайлуулахын төлөө олон сарын турш тэмцэж байгаа Хуан Гуайдог тойрсон нэгэн дуулиан дэгдээд байна.

Колумбийн гэмт хэргийн Растрохос бүлгийн хоёр гишүүнтэй хамт авхуулсан түүний гэрэл зураг саяхан нийтэд ил болсон юм. Өчигдөр Гуайдо хэвлэлд өгсөн ярилцлагадаа эдгээр гэрэл зургуудад төдийлөн ач холбогдол өгөөд хэрэггүй гэж ярьжээ.

Хоёрдугаар сарын 22-нд Венесуэлийн ядарч, зовсон иргэдэд тусламж үзүүлэх зорилготой концерт Колумбийн Кукута хотод болох үеэр Гуайдо нууцаар хил даван оролцож байсан юм.

“Тэр өдөр би олон зуун удаа зураг авхуулсан. Хэн хэн надтай зураг авхуулж байгааг мэдэх аргагүй байлаа. Мадурогийн дэглэм үүнийг миний эсрэг ашиглаж байна” гэж тэр ярьжээ.

Гэвч ажиглагчид эдгээр гэрэл зургууд Венесуэлийн ардчиллын бэлгэдэл болсон хүний нэр хүндэд маш муугаар нөлөөлөх магадлалтай гэж үзэж байна.

Растрохос нь Колумби-Венесуэлийн хил дагуу үйл ажиллагаа явуулдаг хар тамхины гэмт хэргийн бүлэг юм. Тэд кокайны худалдаа эрхлэхээс гадна хууль бусаар алт олборлох, хүн барьцаалах зэрэг гэмт хэрэг үйлддэг.

Каракаст төвтэй Crisis Group-ийн эксперт Фил Гансон “Миний бодлоор энэ бол ноцтой үр дагавартай асуудал. Үнэхээр хэлхээ холбоо байхгүй нь үнэн байсан ч Гуайдогийн нэр хүнд ихээр сэвтэх боломжтой. Мадурогийн засгийн газарт суртал нэвтрүүлгийн том ялалт болж байна” гэж ярьжээ.

Мягмар гарагт төв телевизийн сувгаар үг хэлэхдээ Мадуро “Венесуэлийн ардчилагч болон Колумбийн хар тамхины мафийн дундах хэлхээ холбоо энэ зураг дээрээс шууд харагдаж байна. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй” хэмээн ярьсан байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

Зураг
13 | 16 | 17 цаг