Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Германы иргэний агаарын тээврийн нисэх онгоц аяга кофеноос болж осолдох шахжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Германы Кондор авиа компанийн нисэх онгоцонд хоёрдугаар сарын 6-нд тохиолдсон явдлын тайланг өчигдөр хэвлэлүүд албаны эх сурвалжаас ил болгожээ.

Тухайн өдөр Германы Франкфурт хотоос Мексикийн Канкун хотын чиглэлд 326 зорчигч тээвэрлэж явсан Airbus загварын нисэх онгоц санаанд оромгүй шалтгаанаар ослын буулт хийсэн байна.

49 настай онгоцны ахмад аягатай кофегоо жолооны ард зориулалтын бус газарт тавьсан нь унаж асгарснаас онгоцны хянах самбарыг гэмтээжээ. Халуун кофе хяналтын самбарны дотоод хэсэгт нэвтэрснээс эд ангиуд нь шатаж, нислэгийн бүхээгт их хэмжээний утаа тарсан байна.

Ингээд Атлантын далайн гол дунд хүрээд байсан онгоц буцаж, Ирландын Шэннон нисэх буудалд ослын буулт хийжээ. Энэ үеэр зорчигчид, нислэгийн багийнханд ямар нэг хохирол гараагүй гэнэ.

Нисэх онгоц ослын буулт хийхэд онгоцны хэмжээ, хаана газардаж байгаа зэргээсээ хамааран $10,000-$100,000 орчмын зардал гардаг байна.

Ховор сонин тохиолдлын талаар мэдээлэл тарсны дараа Кондор компаниас тайлбар мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд өгүүлснээр энэ явдлын дараа Кондор компани нисэх онгоцны жолоодлогын бүхээгт шингэн зүйлийг хэрхэн хэрэглэх журам гаргаж, аяга тогтоогч, аяганы хэмжээ зэрэгт хатуу шалгуур тавих болсон гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian