Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Кремлийн удирдагчдыг магтсан рэп дуу хэт олон “дислайк” авсан тул YouTube-ээс буулгажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины фэн гэгддэг рэппер Тиматигийн шинэ дууны клип хүмүүсээс хэт олон тооны “дислайк” авсан тул YouTube сүлжээнээс буулгахад хүрчээ.

Тимати “Москва” нэртэй дууны клипээ өнгөрсөн Ням гарагт болсон орон нутгийн сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр YouTube сүлжээнд нийтэлсэн юм.

Энэхүү дуунд Путины хүн болох Москва хотын дарга Сергей Собяниныг магтаж, өнгөрсөн зун Москва хотод болсон эсэргүүцлийн жагсаал цуглаануудыг шүүмжилсэн байна. 

Москва хотын хууль тогтоох байгууллагад суухаар нэрээ дэвшүүлсэн сөрөг хүчний идэвхтнүүдийг эрх баригчид бүртгэхээс татгалзсан нь иргэдийг бухимдуулж, олон удаагийн жагсаал цуглаан зохион байгуулагдахад хүргэсэн юм.

Гэтэл Тиматигийн шинэ клип хэдхэн өдрийн дотор 1.48 сая “дислайк” авч, ердөө 85,000 “лайк” цуглуулжээ. Энэ үзүүлэлтээрээ “Москва” дууны клип Оросын YouTube-ийн хамгийн муу үнэлгээтэй бүтээл болж, нийт дэлхий дахины YouTube сүлжээний хамгийн муу үнэлгээтэй 30 видеоны жагсаалтад багтсан байна.

Тимати сөрөг уур амьсгалыг дарахын тулд видео клипээ YouTube-ээс буулгаж байгаагаа мэдэгдээд уг дууг засгийн газрын захиалгаар бүтээсэн гэх цуурхлыг няцаажээ.

“Өнөөдөр засгийн газрыг шүүмжлэх хандлага давамгайлж байна. Гэхдээ би өөрийн бодолтой хүн. Эсэргүүцэхийн оронд нөхцөл байдлыг сайжруулахын тулд ажиллах хэрэгтэй” гэж тэр Инстаграм хуудсандаа бичсэн байна.

Жинхэнэ нэр нь Тимур Юнусов гэдэг Тимати 2015 онд “Миний хамгийн сайн найз бол Владимир Путин” гэсэн нэртэй дуу бүтээж байв. Уг дууны бичлэгийг дараах холбоосоор үзнэ үү.

Эх сурвалж: The Guardian