Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж, төлөвлөлт

Барилга.мн
2019 оны 9 сарын 4
Барилга.МН
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
- 2018-2019 оны хичээлийн жилийн судалгаа -

Нийслэлийн нийт хүн амын тоо 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт 1,444,669 байна.

Үүнээс сургуулийн өмнөх боловсролын насны /2-5 нас/ 152,982 хүүхэд байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд 671 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс төрийн өмчийн 230, хувийн өмчийн 441 цэцэрлэгт нийт 116,217 хүүхэд буюу сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдийн 76 хувь нь хамрагдаж байна.

 

Нийслэлийн төрийн өмчийн 230 цэцэрлэг нийт 45,395 хүүхдийн хүчин чадалтай ч одоогийн байдлаар 84,206 хүүхэд хүлээн авч ажиллаж байна.

Энэ нь нийт цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн 72.4 хувь нь.

 

Харин хувийн 441 цэцэрлэг нь нийт цэцэрлэгт хамрагддаг хүүхдийн 27.6 хувийг буюу 32,011 хүүхэд хүлээн авч үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагддаггүй 36,765 хүүхэд байна.

 
Ачаалал хэтрэлтийн судалгаа

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэг нийт 45,395 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд 84,206 хүүхэд хүлээн авч хүчин чадлаа 85 хувиар хэтрүүлэн ажиллаж байна. 

 

Хорооллын хэлбэрээр авч үзвэл орон сууцны хороололд 117 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүчин чадлын хэтрэлт дунджаар 91 хувь, гэр хороололд 92 цэцэрлэг хүчин чадлын хэтрэлт дунджаар 75 хувь, холимог хороололд 21 цэцэрлэгт хүчин чадлаа дунджаар 98 хувиар хэтрүүлэн үйл ажиллагаа явуулж байна.

 
Боловсон хүчний судалгаа

Нийслэлийн төрийн өмчийн 230 цэцэрлэгт 2,215 үндсэн багш ажиллаж байна. Дунджаар төрийн өмчийн цэцэрлэгийн нэг үндсэн багшид 38 хүүхэд ногдож байгаа бөгөөд стандарт норм дүрмээр энэ тоо 25 байх ёстой байдаг.

 
Барилга байгууламжийн ашиглалтын судалгаа

Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм /Барилгын норм ба дүрэм: 13-04-03/-оор тоосгон барилга 40 жил, модон барилга 30 жил, төмөр бетон барилга 50 жил, канад модон барилга 30 жил гэж заасан байдаг.

 

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 230 цэцэрлэгээс 50-аас дээш жилийн насжилттай ашиглалтын хугацаа дууссан 42, 36-49 жил болж байгаа 37, 21-35 жил болж байгаа 52, 11-20 жил  болж байгаа 11 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бол харьцангуй саяхан ашиглалтад орсон 0-10 жилийн настай 88 цэцэрлэг байна.

 
Цэцэрлэгийн эдэлбэр газрын судалгаа

Нийслэлийн төрийн өмчийн нийт 230 цэцэрлэгээс өөрийн эзэмшил газартай 228 цэцэрлэгийн газрын хэмжээ 104 га буюу энэ нь нийслэлийн нийт газар нутгийн 0,02 хувийг эзэлж байна.

Үүнээс дараах хоёр цэцэрлэг өөрийн эзэмшил газаргүй.

Үүнд: 

  • Багшийн их сургуулийн харьяа бөгөөд тус сургуулийн байранд үйл ажиллагаа явуулдаг Баянгол дүүргийн 240 дугаар цэцэрлэг.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн хашаанд байрладаг өөрийн эзэмшил газаргүй үйл ажиллагаа явуулдаг Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэг.
 

 

 

 

Их засварын өнөөгийн байдлын судалгаа

Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм /Барилгын норм ба дүрэм: 13-04-03/-оор урсгал засварыг 3-5 жилд, их засварыг 15-20 жилд хийх ёстой байдаг.

 

Нийслэлийн хэмжээнд 15 жилээс дээш насжилттай засвар хийгдээгүй төрийн өмчийн нийт 22 цэцэрлэг байгаагаас хамгийн өндөр насжилттай 9 цэцэрлэгийг танилцуулж байна. 

 

Цэцэрлэгийн барилгад тулгамдаж буй засварлах шаардлагатай ажлын төрлөөр ангилбал гадна фасад хуучирч муудсан 80, дотор цахилгааны гэмтэлтэй 104, дээврээс ус гоождог 115, сантехник засварлах шаардлагатай 118, гадна цахилгааны гэмтэлтэй 59, барилгын дотор засал муу 118, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлттэй 68 цэцэрлэг байна.

 
Инженерийн шугам сүлжээний өнөөгийн байдлын судалгаа

Төрийн өмчийн 230 цэцэрлэг үндсэн барилга болон өргөтгөл нийлээд 283 байртай бөгөөд үүнээс 117 цэцэрлэгийн 134 байр орон сууцны хороололд, 91 цэцэрлэгийн 124 байр гэр хороололд, 21 цэцэрлэгийн 25 байр холимог хороололд байрладаг. 

Үүнээс бүх цэцэрлэгийн барилга төвийн цахилгаан хангамжид холбогдсон бөгөөд дулаан төвлөрсөн эх үүсвэрт холбогдоогүй 116 байр, усан хангамж ариутгах татуургын төвлөрсөн эх үүсвэрт холбогдоогүй 112 байр байна.

 
Цэцэрлэгийн тохижилтын судалгаа

Хашаан дотроо тоглоомын талбайтай 203, байхгүй 19 бол гэрэлтүүлэг хангалттай 126, хангалтгүй 19, камержуулалтай 169, камержуулалтгүй 53 цэцэрлэг байна.

 

Хашааны гадна тохижилт: 

Хашааний гадна талдаа гэрэлтүүлэг хангалтгүй 148, явган зам хангалтгүй 116, дугуйн замгүй 215, камержуулалт хангалтгүй 164, зочид буудал бар ресторан ойрхон байрладаг 92 цэцэрлэг байна.

 

Хот байгуулалтын норм дүрмээр цэцэрлэгийн  байршлыг 500-700 м радиус хэмжээтэй  байх ёстой гэж заасан ч нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын сурагчид дунджаар 2.5 км зайнаас ирж байна.

Энэ нь хот байгуулалтын норм дүрмийг 3.5 дахин ихээр зөрчиж байгаа нь хүүхдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байна.

 
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдэд тулгамдаж буй асуудал:
  • Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэггүй 23 хороодод цэцэрлэг шинээр барих нэн шаардлагатай байна. Тус хороодын сургуулийн өмнөх боловсролын насны 17,986 хүүхэд байна.
  • Хүчин чадлаа дахин хэтрүүлэн ажиллаж буй цэцэрлэгийн ачаалал хэтрэлтийг бууруулах шаардлагатай байна.
  • Ашиглалтын шаардлага хангахгүй 50-с дээш жил ажилласан барилгатай цэцэрлэгийг буулгаж шинээр барих, өргөтгөх шаардлагатай байна.
  • Нийслэлийн хэмжээнд буулгаж барих шаардлагатай, өргөтгөх боломжтой цэцэрлэгийн барилга байна.
  • Газрын хомсдолтой Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд шинээр цэцэрлэг төлөвлөх газрын асуудлыг шийдвэрлэх.
Цэцэрлэгийн барилгын болон төлөвлөлтийн алдаа дутагдал:

Одоо мөрдөгдөж байгаа норм, дүрэм 1970-1980 оны ОХУ-н норм дүрмийг орчуулгаар хэрэглэж байгаа.

Гэтэл ОХУ 1970 оноос хойш сургууль цэцэрлэгийн норм дүрмээ 10 удаа шинэчилсэн. Олон улсад цэцэрлэгийн барилгыг 5 хүртэл давхар болон нийтийн орон сууцны 1-2 давхарт төлөвлөж барьдаг.

Харин манайд 2-оос дээш давхар барихыг хориглодог энэ нь бас хуучны норм стандартаар юм. Хот төлөвлөлт, барилга, онцгой байдал, сургалтын орчны норм дүрэм стандартууд нь бүгд хоорондоо зөрчилддөг.

Цэцэрлэгийн барилгыг төлөвлөхдөө хүн амын хэтийн төлөв болон тухайн хороо хорооллын цаашдын чиг хандлага хэдэн хүн амьдрах төлөвлөлт тооцоог харж урьдчилан төлөвлөх ёстой юм.

Одоо манайд хүн амын замбараагүй суурьшсан суурьшил хороолол хүн амыг дагаж ямар ч төлөвлөлтгүйгээр барьж байгаа.

Мөн зөвхөн өнөөдрийн хэрэгцээ болон төсөв хөрөнгөндөө тааруулж барьж байгаа нь алдаа дутагдалтай.

 

Судалгаа хийсэн: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Төлөвлөлт, судалгааны хэлтэс

Зураг