Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани телевизийн түүхэнд хамгийн өндөр өртөгтэй цуврал бүтээж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Apple компани видео стриминг салбарт өрсөлдөж, Apple TV+ үйлчилгээгээ ирэх намар нээх гэж байгаа.

Энэ үйлчилгээндээ зориулж өөрийн оригиналь контенттой болохоор их хэмжээний мөнгө цацаж байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Тухайлбал Женифер Анистон, Риз Уйтерспун, Стив Карелл зэрэг одууд тоглосон “The Morning Show” нэртэй цувралынхаа зөвхөн эхний хоёр бүлгийг бүтээхэд $300 саяыг зарцуулсан тухай Блүүмбэрг өчигдөр мэдээлжээ.

Энэ хоёр бүлэг нь нийт 20 ангитай бөгөөд Анистон, Уйтерспун нар анги бүрээс $1.25 саяын шагнал авч байгаа тухай Hollywood Reporters сэтгүүл мэдээлсэн байна.

Нэг бүлгийг $150 саяар бүтээснээр энэ нь телевизийн түүхэнд хамгийн өндөр өртөгтэй уран бүтээлүүдийн нэг болж байгаа юм.

Сүүлийн үед видео стриминг бизнес хүчтэй өрсөлдөөнд шилжиж, энэ салбарын тоглогчид контент бүтээхэд асар их мөнгө зарж байгаа. Тухайлбал Netflix компани “The Crown” цувралын 10 ангийг бүтээхэд $130 саяыг зарцуулсан гэх мэдээлэл бий. HBO суваг “Game of Thrones” цувралынхаа сүүлчийн бүлгийг нийт $90 саяар, анги бүрийг нь $15 саяар бүтээж байжээ.

Ирэх арваннэгдүгээр сард Apple, Disney компаниуд өөр өөрийн стриминг үйлчилгээг нээхээр бэлдэж байна. Apple TV+ үйлчилгээний сарын төлбөр $9.99 байна гэж Блүүмбэрг мэдээлжээ.

Эх сурвалж: Business Insider