Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп өөрийн нэртэй цамхагийг Гринландын арал дээр “босгож” үзүүлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн хамгийн том арал болох Гринландыг Дани улсаас худалдаж авах талаар сонирхож байгаа гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр тарсан юм.

Тэгвэл Трамп дөнгөж сая твиттер хуудсандаа өөрийн нэр бүхий шилэн цамхагийг Гринландын эрэг дээр босгосон байгааг харуулсан эвлүүлэг зургийг нийтэлжээ.

Тайлбарт нь “Гринландыг ийм болгохгүй гэдгээ би амлаж байна” гэж бичсэн байна.

Гринландын тухай яриа Цагаан ордонд хаалттай хаалганы цаана болсныг Трамп өнгөрсөн Ням гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа баталсан юм. Гэхдээ тэр Гринландыг АНУ худалдаж авах нь “стратегийн хувьд сонирхолтой санаа боловч нэн тэргүүнд тавигдах чухал сэдэв биш” гэж тайлбарлажээ.

Харин Дани улсын эрх баригчид энэхүү санааг эрс шийдэмгий няцааж байгаа. 

Трампын тараасан зургийг өмнө нь түүний хүү Эрик Трамп өөрийн Инстаграм хуудсандаа нийтлээд “Та нар юу гэж бодож байгааг би мэдэхгүй юм. Гэхдээ Гринландыг худалдаж авах санаа надад таалагдаж байна” гэж бичсэн байна.

Дональд Трамп ирэх сарын эхээр Данийн Вант улсад анх удаа айлчлах юм. Тэрээр энэ айлчлалаа Гринландыг авах санаатай ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian