Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

ikon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой АНУ-ын Худалдаан яам есдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан Хятадын 300 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд тавих 10 хувийн тарифын тодорхой хэсгийг арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар болсноо зарлалаа.

Гар утас, нөүтбүүк, видео тоглоомууд, хүүхдийн тоглоом, зарим төрлийн хувцсанд тавих тарифыг хойшлуулаад байна. Мөн зарим ангилалд багтах бүтээгдэхүүнүүдэд тавигдах тарифыг “эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал”-д эрсдэл учруулахгүй байх үүднээс арванхоёрдугаар сарын 15-н хүртэл хойшлуулжээ. Харин үлдсэн бүтээгдэхүүнүүдэд тавигдах тарифыг есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хэвээр үлдээв.

Ийнхүү нийт 300 тэрбумаас 110 тэрбумд нь есдүгээр сарын 1-нээс 10 хувийн тариф ногдуулах хэвээр үлдсэн бол үлдсэн 160 тэрбумд арванхоёрдугаар сарын 15-наас 10 хувийн тариф хэрэгжихээр болсон талаар Блүүмбэрг мэдээлжээ. 

Энэ хооронд талууд утсаар холбогдож байгаа ч есдүгээр сард нүүр тулсан уулзалт хийх эсэх нь тодорхой бус байна. Уг шийдвэртэй холбоотойгоор алтны ханш болон нефтийн ханшид өчигдөр орой огцом өөрчлөлт орлоо. 

Алтны хувьд унц нь 1,518 орчимд арилжаалагдаж байсан бол 30 минутын дараа 1,480 ам.долларт хүрч 2.5 хувиар буурсан байна. Харин яг одоо ханш 1,501 орчимд хэлбэлзэж байгаа юм.

Зураг 1. Алтны ханш

 

Тэгвэл брент газрын тосны үнэ 58.6 ам.доллараас 61.5 ам.доллар хүртэл 5 хувиар огцом өсчээ. Дашрамд дурьдахад Монгол улсын худалдан авч буй шатахууны тухайн сарын үнэ нь өнгөрсөн сарын брент газрын тосны үнийн дундажид суурь тогтдог билээ. Тодруулбал, энэ сард брентийн дундаж үнэ өмнөх сараас өссөн бол дараа сард худалдан авах шатахууны үнэ өсөх магадлал өндөр болох юм. 

Зураг 2. Брент газрын тосны үнэ

 

Наймдугаар сарын 1-нд Трампын тариф тавих шийдвэр нь гэнэтийн үйл явдал байсан бөгөөд зах зээлд асар хүчтэй сөрөг нөлөөлөл үзүүлсэн юм. Тухайн үед хөрөнгийн зах зээл, нефтийн ханш унахад хүргэсэн бол алтны ханш өсөх шалтгаан болсон билээ. Харин энэ удаад эсрэг шийдвэр гарсантай холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өссөн байна. 

“Гадаад худалдааны дайн ирэх оны АНУ-ын сонгууль хүртэл намжихгүй гэсэн байр суурь олон улсад давамгайлж байна. Өнгөрсөн онд нөхцөл байдал хурцадсанаас хойш дэлхийн зах зээлд зэс, нефтийн үнэ унах хандлагатай байгаа бол алтны ханш өсөх хандлагатай болж эхэлсэн. Хятадын эдийн засгийн өсөлт саарахын хэрээр нүүрсний үнэ унах эрсдэл нэмэгдэж байна. Мөн төмрийн хүдрийн үнэ ч оргил түвшинд хүрч уруудаж эхэллээ. Эдгээр нь том дүр зургаар Монголын экспортод ирэх оноос эхлэн мэдэгдэхүйц сөрөг нөлөөллийг бий болгож болзошгүй байна. Хэдийгээр өнөө маргаашгүй уналт, хямрал тохионо гэж хэлэхэд эрт байгаа ч бидний анхааралтай ажиглаж байх ёстой зүйл бол яах аргагүй гадаад худалдааны дайны явц, өрнөл юм” гэж Голомт банкны Гадаад арилжааны алба үзэж байна. 

Хүснэгт. Монголын экспортын нүүрсний дундаж ханш

Тухайн сарын дундаж ханш

Түүхий эдийн нэр

Гадаад худалдааны дайн эхлэх үед - 2018M06

2019М06

Өөрчлөлт

Зэс - $/tn

                                                                                 6,850.00

   5,850.00

-14.60%

Алт - $/oz

1,250.00

1,335.00

6.80%

Нүүрс - $/tn*

                                                                                       76.50

         90.00

17.65%

Төмрийн хүдэр - $/tn

                                                                                       75.00

      125.00

66.67%

Брент газрын тос  - $/barrel

                                                                                       75.00

         64.00

-14.67%

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.