Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын засаг захиргаа ядуу хүмүүст виз олгохгүй байх журам баталжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өчигдөр буюу Даваа гарагт цагаачлалын шинэ журам баталсан нь тус улсад хууль ёсны дагуу зорчих хүмүүсийн тоог их хэмжээгээр бууруулах төлөвтэй байна.

Дональд Трампын цагаачлалын асуудал хариуцсан зөвлөх Стефен Миллерийн санаачилсан журам аравдугаар сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ. Журмын дагуу хангалттай өндөр орлогогүй хүмүүс, засгийн газрын янз бүрийн нийгмийн халамжийн хөтөлбөрт (хүнсний талон, орон байр, эрүүл мэндийн тусламж) хамрагдаж байсан хүмүүс АНУ-д түр болон байнга суух виз авч чадахгүй ажээ.

Өөрөөр хэлбэл, АНУ зөвхөн өөрийгөө тэжээх чадвартай хүмүүст виз олгох юм байна.

Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа эхлэн АНУ-д хуулийн дагуу болон хууль бусаар цагаачлах явдлыг цэгцлэх зорилго тавиад байгаа.

Шинэ журмын хэрэгжилтийг зогсоохын тулд АНУ-ын Цагаачлалын Үндэсний Хууль Эрх Зүйн Төв (NILC) шүүхэд хандаж байгаагаа өчигдөр зарласан байна.

Тус төвийн захирал шинэ журам нь хүмүүсийг арьс өнгө, гарал угсаагаар ялгаварлан гадуурхах үзэл дээр үндэслэн бий болсон гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Мөн Калифорни, Нью Йорк мужуудын ерөнхий прокурорууд шүүхэд хандахаа илэрхийлсэн байна.

Трампын засаг захиргаа шинэ журмын дагуу АНУ-д оршин суугаа 382,000 цагаачийн статусыг эргэж харахаар байгааг тооцоолжээ. Хэрвээ тэдгээр иргэд сүүлийн 36 сарын хугацаанд АНУ-ын засгийн газраас гаргадаг нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн ядаж нэгэнд нь 12 сараас дээш хугацаагаар хамрагдсан бол визийг нь цуцлах бололтой.

Үүнээс гадна АНУ-ын визийг авах хүсэлтэй дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа сая сая хүний хувь заяанд шинэ журам нөлөөлнө гэж цагаачлалыг дэмжигчид үзэж байна.

Ингэж цагаачдыг орлогоор нь ялгаснаар Трампын засаг захиргаа жил бүр $2.47 тэрбумыг хэмнэнэ гэж тооцоолжээ.

1882 онд батлагдсан цагаачлалын хуулинд АНУ-ын засгийн газар тус улсын төсөвт зардал чирэгдэл учруулах магадлалтай этгээдэд виз олгохгүй байж болно гэсэн заалтыг үндэслэн шинэ журмыг боловсруулсан гэнэ.

 

Эх сурвалж: Reuters

 

Зураг
13 | 16 | 17 цаг