Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный харшлын улмаас эмнэлэгт хүргэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хууль бус жагсаалд иргэдийг уриалсан шалтгаанаар хоригдож байгаа Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд харшлын хурц шинж тэмдэг илэрсэн тул Ням гарагт эмнэлэгт хүргэгджээ.

Сөрөг хүчний улс төрчдийн орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг сонгуулийн комисс хүлээж аваагүй тул тэр эсэргүүцлийн жагсаалд иргэдийг уриалж байв. Үүнийхээ төлөө Навальный 30 хоног хоригдох шийтгэл хүлээсэн юм.

Навальныйн уриалгын дагуу Бямба гарагт Москва хотод томоохон жагсаал болох үеэр цагдаа нар 1,000 гаруй хүнийг баривчилсан байна.

Харшлын шалтгаан тодорхойгүй, Навальныйд өмнө нь ямар нэг харшлын шинж тэмдэг огт илэрч байгаагүйг түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш мэдэгджээ.

Алексей Навальный бол Оросын хамгийн алдартай сөрөг хүчний улстөрч бөгөөд эрх баригчдын эсрэг тэмцэл зохион байгуулсан шалтгаанаар олон удаа хоригдож байсан юм.

Европын Хүний Эрхийн Шүүх өнгөрсөн онд Навальныйг 2012, 2014 онуудад баривчилсан явдал улс төрийн зорилготой байсан гэх дүгнэлтийг гаргаж байв.

 

Эх сурвалж: Reuters