Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Шри Ланка улс ялзарсан хогоо буцааж авахыг Их Британиас шаардав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Шри Ланка улсын засгийн газар тус улсын нутагт хууль бусаар ирсэн их хэмжээний муудаж ялзарсан хог хаягдлаа буцааж авахыг Их Британиас шаарджээ.

Нийт 111 чингэлэг хог хаягдал 2017 онд Шри Ланкад ирсэн юм байна. Харин эрх баригчид дөнгөж өнгөрсөн долоо хоногт ийм чингэлгүүд боомтод нь байгааг мэдэж, илрүүлжээ.

Хог хаягдлыг анх импортлосон этгээд нь боомтод хаяж орхисон юм байна.

Хавь орчиндоо муухай үнэр тарааж байсан чингэлгүүдийн талаар боомтын захиргаанд гомдол ирснээр уг хэрэг илэрчээ.

Шри Ланкын эрх баригчид чингэлэгтэй хогийг анх оруулж ирсэн этгээдийг олж, Британи руу хүргэх зардлыг гаргуулахаар ажиллаж байгаа гэнэ.

Британийн байгаль орчны яам мэдээллийн мөрөөр шалгаж байгаагаа, бас одоогоор Шри Ланкын засгийн газраас хог хаягдлыг буцааж авах албан ёсны хүсэлт ирээгүй байгааг мэдээлжээ.

Өнгөрсөн онд Хятад улс хог хаягдал хүлээж авахаа зогсоосон нь дэлхий дахинд хямрал үүсгээд байна. Үүний улмаас өндөр хөгжилтэй орнуудаас их хэмжээний хог хаягдал Зүүн Өмнөд Азийн орнуудад хууль бусаар ирэх нь нэмэгдсэн юм.

Тавдугаар сард Филиппин улс хууль бусаар нутагт нь ирсэн 69 чингэлэг хогийг Канад руу буцаасан. Энэ сарын эхээр Камбож улс 83 чингэлэг хог хаягдлыг АНУ, Канад руу буцаах болсноо зарлаж байв.

Индонез, Малайз улсуудад ч сүүлийн үед ийм асуудал тохиолдоод байна.

 

Эх сурвалж: BBC